Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 24-ний лхагва гаргийн орой иргэддээ хандан үг хэлэхдээ "Хэрэв Украин G7-ийн хүрээнд холбоотнуудтайгаа ярилцсан дэмжлэг, тусламжийг авч чадвал Оросыг энх тайвныг сонгохоос өөр аргагүй нөхцөлд богино хугацаанд хүргэнэ" гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн “Их долоо”-гийн орнууд ямар тусламжийн талаар яригдаж байгааг сайн мэдэж байгаа бөгөөд Киев энэ дэмжлэгийг авна гэж ихээхэн найдаж буйгаа онцолсон байна. Гэхдээ яг ямар төрлийн тусламжийг хэлж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй аж.

Зеленский цааш нь Украины тагнуулын байгууллага болон зэвсэгт хүчинд Оросын дайны цар хүрээг тэлэхэд ашиглагдаж буй объектуудын эсрэг урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулах үүрэг өгснөө мэдэгджээ.

Сүүлийн үед Украин Оросын нутаг дэвсгэр болон Оросын нэгтгэн авсан гэж үздэг Крымын хойг дахь эрчим хүчний болон цэргийн хангалтын чухал байгууламжуудад, ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилтоо эрчимжүүлсэн. Эдгээр довтолгооны улмаас Оросын зарим бүс нутагт шатахууны хангамж доголдож, борлуулалтад хязгаарлалт тогтоох нөхцөл үүссэн байна.

Зеленскийн мэдээлснээр, бензин, дизель түлшний хомсдол үүсэж, үнэ огцом өссөн нь Оросын 60 гаруй бүс нутагт ажиглагдаж байгаа аж.

Түүний хэлснээр ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Орос улс агаарын довтолгооноос хамгаалах (ПВО) системүүдээ Москва орчим, Valdai дахь Ерөнхийлөгч Владимир Путины ордон байрладаг бүс болон Крымын гүүрийн орчимд идэвхтэй шилжүүлэн байршуулж, энэ нь бусад чиглэлийн агаарын хамгаалалтыг сулруулж байна гэжээ.

Зеленский “Өнөөдөр олон хүндрэл үүсээд байна. Учир нь, Путин дайнаа зогсоохоос татгалзаж, уулзалт хийх, бодит хэлэлцээ эхлүүлэх, нэр төртэй энхийн гэрээ байгуулах тухай бидний саналыг үл тоомсорлож байна” хэмээн мэдэгдсэн аж.

Мөн өдөр Фридрих Мерц Германы парламентын хуралдааны үеэр үүнтэй төстэй байр суурь илэрхийлж, Зеленскийн энхийн хэлэлцээ эхлүүлэх тодорхой саналыг Путин хүлээн аваагүйг сануулжээ.

Украины цохилтууд ОХУ-д түлшний хямрал үүсгэж байна

Зургадугаар сард Украины довтолгоонд Москва, Нижнекамск, Тюмень, Волгоград хотуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүд өртсөн бол тавдугаар сард дахин 16 үйлдвэр халдлагад өртжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, одоогийн байдлаар Оросын бензиний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээний ердөө 80 орчим хувийг хангаж байгаа аж. Харин зуны улиралд тус улсын өдөр тутмын бензиний хэрэглээ 110 мянган тонн хүрдэг байна.

Оросын 24 бүс нутагт зургадугаар сарын 24-ний байдлаар бензин, дизель түлшний худалдаанд албан ёсны хязгаарлалт мөрдөгдөж буй бол Крым болон Севастопольд шатахууны борлуулалтыг бүрэн зогсоожээ. Харин Оросын хяналтад байдаг Луганскийн бүсэд нэг хүнд 20 литрээс илүү түлш худалдахыг хориглосон байна.

"Energy Intelligence" байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар, Украины эрчим хүчний салбарт чиглэсэн довтолгоонууд Оросын түлшний дэд бүтцэд томоохон хохирол учруулж, тус улсыг түүхэн дэх хамгийн ноцтой түлшний хямрал руу түлхэж болзошгүй нөхцөл байдалд хүргээд байгаа аж.

Үүний зэрэгцээ Орос улс Казахстантай АИ-92 маркийн 50 мянган тонн бензин нийлүүлэх талаар хэлэлцээ хийхийг оролдож буй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Гэвч Казахстаны Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов өмнө нь Москвагаас бензин нийлүүлэх талаар албан ёсны хүсэлт ирээгүй гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Эрчим хүчний яам энэ асуудлаар одоогийн байдлаар тайлбар хийгээгүй байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 24-нд мэдэгдэхдээ, Орос-Украины дайны нөхцөлд Зеленский “ажлаа сайн хийж байна” гэсэн үнэлгээ өгчээ.

Эх сурвалж: DW