Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны зургадугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дотоод болон гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц сүүлийн саруудад шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр эрчимжиж, 2026 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувьд хүрээд буй.

Нөгөө талаас уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул, суурь инфляц харьцангуй бага түвшинд хадгалагдаж байна. Цаг агаарын нөхцөл байдал болон геополитикийн хүчин зүйлсээс шалтгаалан нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлтийн цаашдын төлөв тодорхойлогдохоор байгаа юм.

Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч эрчимжихэд уул уурхай, тээврийн салбар голлон нөлөөлжээ. Харин бусад салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа аж. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжихээр байна.

Ойрхи Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлага ажиглагдаж буй ажээ. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан нь цаашдын өсөлтийн төлөвийг сайжруулжээ. Харин бусад улс орнуудын хувьд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт саарах төлөв давамгайлж байгаа аж.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын гадаад худалдаа, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй юм байна. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжих хүлээлттэй байна.

Гэсэн хэдий ч бэлчээрийн даац, зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин, мөн Ойрхи Дорнод болон ОХУ-Украины мөргөлдөөнтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан хугацаанд үргэлжлэх, улмаар инфляцад үзүүлэх дам нөлөө хүлээлтээс өндөр байх эрсдэл хэвээр байгаа ажээ.

Иймд Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь инфляцыг 2027 оноос эхлэн ±2 нэгж хувийн интервалтайгаар 5 хувийн зорилтот түвшинд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцэж буй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж буй аж.

Цаашид Төвбанк инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, түүнчлэн гадаад, дотоод эдийн засгийн орчны өөрчлөлтийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгийн түвшинд шаардлагатай тохируулгыг тухай бүрт хийхээ илэрхийлэв.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулах ажээ.