Оросын эрх баригчид АНУ-ыг өнгөрсөн наймдугаар сард Аляскад болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн “харилцан ойлголцол”-ыг хэрэгжүүлээгүй хэмээн буруутгажээ. Энэ нь Москва Вашингтоны байр сууринд улам бүр сэтгэл дундуур болж буйг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.
Сүүлийн гуравхан хоногийн дотор Оросын өндөр албан тушаалын гурван төлөөлөгч тус асуудлыг хөндөж, АНУ тохиролцсон зүйлсээ биелүүлээгүй гэж мэдэгдсэн ч ямар тохиролцооны талаар ярьж буй талаараа тодорхой тайлбарлаагүй байна.
Эдгээр мэдэгдэл нь Украин улс Оросын нутаг дэвсгэрийн гүнд дрон ашиглан довтлох ажиллагаагаа эрчимжүүлсний дараа гарчээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Москва хотын газрын тос боловсруулах үйлдвэрт хоёр удаагийн халдлага болсон байна.
Мөн Их долоо (G7)-гийн уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Трамп болон барууны удирдагчдад хандан Киев дайны нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж эхэлсэн гэж мэдэгджээ. Харин Москва энэ үнэлгээг эрс няцааж, өөрийн зүгээс ч Украины эсрэг өргөн цар хүрээтэй цохилтуудаа үргэлжлүүлсээр буй юм.
Москва “Аляскийн сүнс”-ийг АНУ үл тоомсорлож байна гэж үзэв
Трамп өнгөрсөн жилээс эхлэн Украины дайныг зогсоох оролдлого хийж эхэлснээс хойш Кремль түүний хүчин чармайлтыг тогтмол сайшааж ирсэн. Трамп заримдаа Путиныг шүүмжилдэг ч ихэвчлэн Зеленскийг хэлэлцээр байгуулахад хангалттай чармайлт гаргахгүй байна гэж буруутгаж байв.
Аляскийн уулзалтаас хойш Кремль “Анкорижийн сүнс” (Spirit of Anchorage) гэх хэллэгийг олонтаа ашиглах болсон. Шинжээчдийн тайлбарласнаар, энэ нь Трамп Оросын үндсэн шаардлагыг ойлгож, тодорхой хэмжээнд дэмжиж байгаа гэсэн Москвагийн ойлголтыг илэрхийлдэг аж. Тодруулбал, Орос Украин улс Донбассын бүс нутгийг бүхэлд нь буулт болгон хүлээн зөвшөөрөхийн оронд фронтын бусад шугамыг царцаах ёстой гэж үздэг.
АНУ-ын тал уг уулзалтаар яг ямар тохиролцоо хийгдсэнийг олон нийтэд тодорхой мэдээлээгүй. Түүнчлэн холбоотон орнуудын удирдагчид Путинд өндөр түвшний хүндэтгэл үзүүлсэн ч Трамп бодит үр дүнд хүрч чадсан эсэхэд эргэлзэж байжээ.
Гэвч уулзалтаас ердөө нэг сарын дараа Трамп байр сууриа өөрчилж, Украин Орост алдсан бүх газар нутгаа эргүүлэн авах боломжтой гэж мэдэгдсэн нь Москвагийн сэтгэл дундуур байдлыг улам нэмэгдүүлжээ.
Оросын өндөр албан тушаалтнуудын шүүмжлэл
Кремлийн зөвлөх Юрий Ушаков ням гарагт “Хүрсэн ойлголцлыг зөвхөн нэг тал нь тууштай мөрдөж ирсэн. Харин нөгөө тал нь өөрийн үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй бололтой” гэж мэдэгджээ.
Үүний дараа мягмар гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Аляскийн уулзалтыг Киевийн дэглэмийг дахин зэвсэглэх хугацаа хожих гэсэн АНУ-ын арга заль байсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна.
Мөн түүний орлогч Сергей Рябков АНУ Аляскад хүрсэн “үндсэн ойлголтууд”-аас ухарсан гэж буруутгажээ. Гэхдээ тэрбээр Вашингтонтой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой хэвээр байгааг онцолсон аж.
Рябков “Вашингтоны бодлого АНУ-ын хамгийн ойрын Европын холбоотнууд болох Их Британи, Францын туйлширсан анти-орос чиг шугамд улам ойртож байна” гэж хэлжээ. Тэрбээр энэ байр сууриа өнгөрсөн долоо хоногт Францад болсон G7-ийн уулзалтаар ажиглагдсан хандлагатай холбон тайлбарласан байна.
Москвагийн түгшүүр нэмэгдэж байна
Австрийн шинжээч, Путины бодлогыг олон жил судалсан Герхард Манготтын үзэж байгаагаар энэхүү өнгө аясын өөрчлөлт нь Оросын эдийн засаг болон цэргийн нөхцөл байдал хүндрэх болсон явдалтай холбоотой ажээ.
Тэр "Украины халдлагууд эрчимжиж байгаа энэ үед Оросын эдийн засаг, цэргийн байдал маш эмзэг нөхцөлд орсон. Москва эдгээр ажиллагаанд АНУ тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байна гэж үздэг” гэж хэлсэн байна.
Манготт цааш нь Путин дотоодын олон нийтэд өөрийн нөлөө, боломж хэвээр байгааг харуулахуйц хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж дүгнэжээ. Түүний таамаглаж буйгаар, Орос цэргийн ажиллагаагаа улам өргөжүүлэхийн зэрэгцээ Трампыг дахин өөрийн талд татах дипломат оролдлого хийх магадлалтай байна.
Путин ч саяхан Украины довтолгоонуудын талаар ярихдаа “Барууны бүх улс Киевийн төлөө ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын оролцоо сул байгаад Москва сэтгэл дундуур байна
Олон улсын Хямралын бүлгийн (International Crisis Group) шинжээч Олег Игнатовын үзэж буйгаар, Москва хамгийн ихээр бухимдаж буй зүйл нь АНУ энэ оны хоёрдугаар сараас хойш зуучлалын идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ больсон явдал аж.
Түүний хэлснээр, Трамп Израилтай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Вашингтоны анхаарал өөр чиглэл рүү шилжиж, Украины асуудал хоёрдугаар зэрэглэлд оржээ.
Нөгөө талаас Орос улс Европын орнуудыг зуучлагчаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар буй бөгөөд Европын засгийн газрууд ч Киевийг томоохон буулт хийхийг шахах шинж тэмдэг бараг үзүүлээгүй байна.
Игнатовын дүгнэлтээр, Москва АНУ-ыг дипломат үйл ажиллагаагаа сэргээж, дайныг Оросын хүссэн нөхцлөөр дуусгахад туслахыг хүсэж байгаа аж.
Тэрбээр “Одоогийн байдлаар ямар нэг бүтэцтэй дипломат үйл явц алга. Ширээн дээр бодит хэлэлцээр ч байхгүй. Үнэндээ юу ч алга. Оросууд үүнд маш их сэтгэл дундуур байгаа бөгөөд америкчуудыг дахин идэвхтэй оролцохыг үнэхээр хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: REUTERS