Алтны үнэ мягмар гарагт буурчээ. Учир нь, АНУ-ын доллар сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд үүнд Холбооны нөөцийн сангийн (Federal Reserve System) бодлогын хүү өснө гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Энэ нь АНУ-Ираны хэлэлцээнд ахиц гарснаар нефтийн үнэ буурч, алтанд дэмжлэг үзүүлсэн хүчин зүйлийг давсан аж.
Алтны спот үнэ Нью-Йоркийн цагаар 11:45 цагийн байдлаар 1.2 хувиар буурч, унц нь 4,138.79 ам.доллар болсон байна. Наймдугаар сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерс мөн 1.1 хувиар буурч, унц нь 4,156.40 ам.доллар болжээ.
Доллар чангарснаар доллароор үнэлэгддэг алт гадаадын худалдан авагчдад илүү үнэтэй болсон тул алтны эрэлт буурч, үнэ нь унасан байна.
”StoneX" компанийн зах зээлийн ахлах шинжээч Боб Хаберкорн “Одоогийн байдлаар алт, мөнгө Ойрхи Дорнодын нөхцөл байдалд төдийлөн "анхаарахгүй" байна. Харин өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сангийн мэдэгдэлд илүү төвлөрч байна” гэж хэлжээ.
Холбооны нөөцийн шинэ тэргүүн Кевин Уоршийн инфляцын эсрэг чиглэсэн хатуу байр суурийн дохио нь хөрөнгө оруулагчдыг бодлогын хүү өсөх магадлалд илүү ихээр бооцоо тавихад хүргэсэн байна.
CME Group-ийн FedWatch хэрэгслийн мэдээллээр, арилжаачид арванхоёрдугаар сар гэхэд хүү өсөх магадлалыг 86 хувь гэж тооцож байгаа бол Холбооны нөөцийн сангийн өнгөрсөн долоо хоногийн хурлаас өмнө энэ үзүүлэлт 61 хувь байжээ.
Алт ихэвчлэн инфляциас хамгаалах хөрөнгөд тооцогддог ч өндөр хүүгийн орчинд ашиг өгдөггүй тул эрэлт нь буурах хандлагатай байдаг.
АНУ-Ираны нөхцөл байдал ба нефть
Геополитикийн тал дээр АНУ Ирантай хийж буй хэлэлцээний дараа даваа гаргаас эхлэн Ираны эсрэг хориг арга хэмжээг 60 хоног түр түдгэлзүүлсэн байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс өмнө нь "Швейцарт Ираны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ энхийн эцсийн тохиролцоонд хүрэх сайн суурь болсон" гэж мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ нефтийн тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойгоор тээвэрлэлт нэмэгдэж эхэлсэн байна. Үүний нөлөөгөөр Brent crude нефтийн фьючерс мягмар гарагт 1-ээр илүү хувиар буурчээ.
Хөрөнгө оруулагчид инфляцын шинэ мэдээлэл хүлээж байна
Одоо зах зээл Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын цаашдын чиглэлийг тодорхойлох чухал үзүүлэлт болох АНУ-ын хувийн хэрэглээний зардлын индекс (PCE)-ийн мэдээллийг хүлээж байна.
Бусад үнэт металлын хувьд: мөнгөний үнэ 4.6 хувиар буурч, унц нь 62.15 ам.доллар, платин 0.6 хувиар буурч, унц нь 1,668.79 ам.доллар, палладий 2.4 хувиар буурч, унц нь 1,235.25 ам.доллар болжээ.
Эх сурвалж: REUTERS