Сөүл "Украины дайнд Пёньянаас Москвагийн талд тулалдахаар яваад Украины талд олзлогдсон Умард Солонгосын цэргүүд суллагдсаныхаа дараа хүсвэл Өмнөд Солонгост очих боломжтой" гэж мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам зургадугаар сарын 23-нд мэдээлсэн байна.
Мэдэгдэлд "Өмнөд Солонгосын тал Умард Солонгосын олзны цэргүүдийг БНАСАУ-д буцаах, эсвэл Орос руу шилжүүлэхийг эсэргүүцэж байна" гэж дурджээ.
Өмнө нь буюу зургадугаар сарын 22-нд Өмнөд Солонгосын Yonhap агентлаг Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Чо Хёонтой хоёр талын харилцаа болон “Умард Солонгосын олзны цэргүүдийн асуудал”-аар хэлэлцэнэ" гэж мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, сайд Чо Хён Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбигатай зургадугаар сарын 30-нд Сөүлд уулзаж, хэлэлцээ хийхээр төлөвлөж буй аж. Тэдний ярих гол асуудлуудын нэг нь Украин-Оросын дайн болон Украинд олзлогдсон Умард Солонгосын цэргүүдийн цаашдын хувь заяаны асуудал юм байна.
Украинд олзлогдсон Умард Солонгосын цэргүүд
2025 оны эхээр Оросын Курск мужид Оросын талд туслахаар илгээгдсэн БНАСАУ-ын цэргийн бүрэлдэхүүнээс хоёр цэрэг Украины Зэвсэгт хүчинд олзлогдсон байна. Тэд Өмнөд Солонгос руу шилжих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар "Үндсэн хуулийн дагуу Умард Солонгосын иргэдийг мөн Өмнөд Солонгосын иргэн гэж үздэг, Өмнөд Солонгос руу очих хүсэлтэй аливаа олзны цэргийг хүлээн авч, шаардлагатай хамгаалалт, дэмжлэг үзүүлнэ" гэж мэдэгдсэн байна.
Сөүлийн нэгэн өндөр албан тушаалтан Yonhap агентлагт “Тэдний чөлөөт хүсэл зоригт үндэслэн Өмнөд Солонгост хурдан шилжихэд нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын үндсэн байр суурь өөрчлөгдөөгүй” гэж хэлжээ. Тэрбээр мөн Сыбигийн Сөүлд хийх айлчлалын үеэр энэ асуудлаар ахиц гарна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Умард Солонгосын цэргийн дүрэм: Олзлогдохыг хориглоно
Өмнөд Солонгосын идэвхтэнүүд болон Умард Солонгосоос дүрвэгсэд DW-д "Пёньяны цэргийн номлолд цэргүүд олзонд бууж өгөхийг шууд хориглодог" гэж ярьжээ. Умард Солонгосоос дүрвэсэн Ким Ыйжин “Украинчуудад олзлогдох аюул тулгарвал цэргүүдэд амиа хорлох тушаал өгсөн” гэж ярьсан байна.
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн 3-р зүйлд зааснаар БНАСАУ-ын нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийг мөн Өмнөд Солонгосын иргэн гэж үздэг бөгөөд тэд хэзээ ч Өмнөд рүү ирж амьдрах эрхтэй гэж тайлбарладаг аж.
Украины дайнд оролцож буй Умард Солонгосын цэргүүд
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сард Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин болон Оросын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов нарын хамт Пёньянд Украины эсрэг дайнд амь үрэгдсэн Умард Солонгосын цэргүүдэд зориулсан дурсгалын цогцолбор нээжээ.
Энэ арга хэмжээг 2024 оны наймдугаар сард Украины цэргүүд хэсэгчлэн эзэлж байсан Оросын Курск мужаас Украины Зэвсэгт хүчнийг бүрэн гаргасны ойтой давхцуулан зохион байгуулсан байна.
Эх сурвалж: DW