АНУ-ын автомашин үйлдвэрлэгч аварга компаниуд болох "General Motors" болон "Ford Motor Company" үйлдвэрлэлийн хүчин чадлаа ашиглан зэвсэг, тэр дундаа Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем болон Tomahawk далавчит пуужин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
Түүний хэлснээр, батлан хамгаалахын салбарын захиалагчид "General Motors" болон "Ford" компаниудтай хэлэлцээ хийж буй бөгөөд "General Motors" зарим үйлдвэрээ шинэ зориулалтаар ашиглаж, зэвсгийн үйлдвэрлэл эхлүүлэхэд бэлэн байгаа аж.
Трамп “Тэд Patriot, Tomahawk болон бусад олон төрлийн зэвсэг үйлдвэрлэнэ. Зэвсгийн үйлдвэрлэл эдийн засагт томоохон түлхэц өгдөг. Үйлдвэрлэлийн сул хүчин чадалтай зарим автомашин үйлдвэрлэгчид одоо пуужин үйлдвэрлэх талаар хэлэлцэж байна” гэжээ.
Мөн тэрбээр "АНУ-д Patriot систем олон бий боловч цаашид ч хангалттай нөөцтэй байхыг хүсэж байна" гэж онцолсон байна.
Пентагон автомашин үйлдвэрлэгчдийг татан оролцуулахыг зорьж байна
Пентагон өмнө нь дөрөвдүгээр сард автомашин үйлдвэрлэгч компаниудад хандан зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг судалж буй талаар мэдээлж байжээ.
Энэ нь Дэлхийн II дайны үед АНУ автомашины үйлдвэрүүдээ цэргийн зориулалтаар ашиглаж байсан туршлагатай төстэй алхам гэж үзэж буй юм байна.
Ираны дайнаас үүдэн АНУ-ын зэвсгийн нөөц багасаж болзошгүй
Мөн мэдээллээр, Ирантай холбоотой цэргийн ажиллагааны улмаас АНУ-ын зарим чухал зэвсгийн нөөц эрс багасах эрсдэл үүсээд байгаа аж. Үүнд: Tomahawk далавчит пуужин, MIM-104 Patriot системийн пуужин, Precision Strike Missile, ATACMS зэрэг багтжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв АНУ Ираны эсрэг нэмэлт цохилт өгөхөөр шийдвэл эдгээр зэвсгийн нөөц улам хурдан шавхагдах магадлалтай аж.
Европын холбоотнууд ч санаа зовниж байна
Вашингтоны Европ дахь холбоотнууд мөн АНУ-ын зэвсгийн нөөц багасч буйд санаа зовниж байгаа аж. Учир нь, Европын орнууд Украинд нийлүүлэх зорилгоор АНУ-аас хэдэн тэрбум долларын өртөгтэй зэвсэг, сум хэрэгсэл захиалсан бөгөөд хэрэв АНУ өөрийн нөөцөө нөхөх шаардлагатай бол эдгээр нийлүүлэлт саатах эрсдэлтэй гэж үзэж байна.
Гэвч Пентагон “АНУ-ын Зэвсэгт хүчин ард иргэд болон үндэсний ашиг сонирхлоо хамгаалахад шаардлагатай бүх нөөцтэй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Германд Volkswagen-ийн үйлдвэрт цэргийн зориулалттай эд анги үйлдвэрлэх асуудал яригдаж байна
Энэ оны хавар Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen" болон Израилийн батлан хамгаалахын "Rafael Advanced Defense Systems" компани хамтран ажиллах талаар хэлэлцэж буй тухай мэдээлэл гарчээ.
Мэдээлэлд дурдсанаар, Германы Оснабрюк хот дахь "Volkswagen"-ийн үйлдвэрийг Израилийн “Төмөр бөмбөгөр” буюу Iron Dome пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эд анги үйлдвэрлэх зориулалтаар өөрчлөн ашиглах хувилбар яригдаж байгаа аж.
"Volkswagen" компанийн төлөөлөгч “Volkswagen компани өөрөө зэвсэг үйлдвэрлэх төлөвлөгөөгүй хэвээр байгаа бөгөөд Оснабрюк дахь үйлдвэрийн ирээдүйн талаар тодорхой шийдвэр гараагүй байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн тус үйлдвэр 2027 онд автомашины үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөсөн тул цаашдын ашиглалтын янз бүрийн хувилбарыг судалж буй ч одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй талаар онцолсон байна.
Эх сурвалж: DW