Украины НҮБ дахь байнгын төлөөлөгч Андрей Мельник зургадугаар сарын 23-нд шилжих шөнө болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ "Хэрэв Аюулгүйн зөвлөл Оросын түрэмгийлэлд хариу арга хэмжээ авах асуудлаар цаашид ч хойрго хандсаар байвал Украин гал зогсоох талаарх саналаа эргэн харж болзошгүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Украин НҮБ-ын дүрэмд нийцсэн шударга бөгөөд тогтвортой энх тайвныг тогтоохын тулд ОХУ-тай шууд хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ бидний тэвчээр хязгаартай” хэмээн анхааруулсан байна.
Украин саналаа өөрчилж магадгүй
Мельникийн хэлснээр, өнгөрсөн 15 сарын хугацаанд Украин Аюулгүйн зөвлөлийг “бүрэн бөгөөд нөхцөлгүй гал зогсоох” тухай тогтоол батлахыг удаа дараа уриалсан ч хангалттай хариу авч чадаагүй аж.
Тэрбээр “Хэрэв Аюулгүйн зөвлөл цаашид ч ‘түр хүлээгээд харъя’ гэсэн байр сууриа хадгалсаар байвал Украин гал зогсоох талаарх саналаа эргэн харж, өөрчлөхийг үгүйсгэхгүй. Фронтын бодит шугам дагуу гал зогсоох санал өөрөө томоохон буулт юм” гэж онцолжээ.
Дайны нөхцөл байдал өөрчлөгдөж байна гэж Мельник мэдэгдэв
Украины төлөөлөгчийн хэлснээр, сүүлийн нэг сарын хугацаанд Украин дайны өрнөлийг мэдэгдэхүйц өөрчилж чадсан бөгөөд үүний үр дагаврыг Орос улам бүр мэдэрч эхэлжээ.
Тэрбээр “ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн бараг 40 хувь нь гэмтэж, Кремлийн дайны машиныг дэмжих боломжгүй болсон” гэж мэдэгдсэн байна.
Мөн “Сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлууд Москваг хамгаалахаар байгуулсан, Оросын өнцөг булан бүрээс татан төвлөрүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах систем хүртэл цэргийн объектуудыг бүрэн хамгаалж чадахгүй байгааг харууллаа. Энэ бол зөвхөн эхлэл” гэжээ.
“Украинаас аль болох хурдан гар”
Мельник үгээ өндөрлөхдөө НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгчид хандан шууд мэдэгдэл хийжээ. Тэр “Та бүхэн эзлэн авсан газар нутгаа хэзээ ч хадгалж үлдэж чадахгүй. Хэзээ ч үгүй. Украинаас аль болох хурдан гарцгаа” гэж хэлсэн байна.
Энхийн хэлэлцээний гол маргаан
Оросын тал Украины цэргийг Донецк мужийн өөрсдийн хяналтад хараахан ороогүй хэсгээс бүрэн гаргахыг шаардсаар байгаа аж. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Өмнө нь Киевийн эрх баригчид энхийн үйл явцыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд гал зогсоож, дараа нь фронтын бодит шугамыг үндэс болгон хэлэлцээ өрнүүлэх санал дэвшүүлж байжээ.
Эх сурвалж: DW