Беларусь-Украины харилцаа хурцдаж, асуудал бүр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Александр Лукашенкод шаардлага (ультиматум) тавих хэмжээнд хүрчээ.
Тэрбээр Беларусийн хил орчмын бүс нутагт байрлаж буй, Орос улс Украины нутаг дэвсгэр рүү дайрахад ашиглаж буй дроны дохио дамжуулагч төхөөрөмжүүдийг нэг долоо хоногийн дотор буулгахыг шаардсан байна.
Владимир Зеленский “Лукашенко эдгээр төхөөрөмжүүдийг өөрөө буулгаж чадах уу? Үүнийг хийхэд түүнд нэг долоо хоног хангалттай гэж бодож байна. Хэрэв тэр өөрөө хийхгүй бол Украин өөрөө устгах болно” гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл Беларусийн олон хүнд сүрдүүлэг мэт санагдаж болох байв. Учир нь, үүнээс өмнөхөн Украинд Беларусийн нутаг дэвсгэр дээрх цохилт өгөх боломжтой 500 объектын талаар ярьж байсан. Тэгэхээр Украин үнэхээр ийм арга хэмжээ авч чадах уу? Хэрэв авч чадвал ямар объектуудыг онилох боломжтой вэ?
Зеленский Лукашенкогоос дамжуулагч төхөөрөмжүүдийг зайлуулахыг шаардав
Владимир Зеленскийн тайлбарласнаар, энд дөрвөн дамжуулагч төхөөрөмжийн тухай яригдаж байгаа бөгөөд тэдгээр нь Гомель болон Брест мужуудад байрладаг байна. Тэр “Яг ийм төхөөрөмжүүдийн ачаар Житомир, Ровно, Волынь мужууд, манай эрчим хүчний систем, төмөр зам, энгийн хот суурин, тосгод руу цохилт өгсөн” гэж хэлжээ.
Үндэсний шилжилтийн танхимын батлан хамгаалах асуудал хариуцсан төлөөлөгч, Калиновскийн хорооны хуучин дэд командлагч Вадим Кабанчук "Дамжуулагч төхөөрөмжүүд гэдэг нь цохилтын болон тагнуулын нисгэгчгүй онгоцнуудыг чиглүүлэхэд тусалдаг техникийн хэрэгсэл" гэж тайлбарласан байна.
Тэр “Ийм төхөөрөмжүүдийг ихэвчлэн өндөрлөг газарт байрлуулдаг. Энэ нь чиглүүлэгч антенн юм. Энд триангуляцийн системийн тухай ярьж байна. Нисэж буй дронууд хэд хэдэн цэгийн хооронд байрлалаа тогтоож, ингэснээр газарзүйн координатыг нь тодорхойлон, харьцангуй нарийвчлалтай удирдах боломжтой болдог” гэж тайлбарлажээ.
Кабанчукын хэлснээр Украин ийм төрлийн объектуудыг устгах хүчин чадалтай аж. Тэрбээр “Украины дронууд Уралын цаана байрлах объектуудад хүртэл хүрч байгаа учраас Беларусийн нутаг дэвсгэр бүхэлдээ Украины цохилтын хүрээнд багтана” гэж онцолсон байна.
Дамжуулагчийг зөвхөн цохилтын бус аргаар ажиллагаагүй болгож болно
Цэргийн шинжээч, Украины Аюулгүй байдлын албаны ажилтан асан Иван Ступак дамжуулагч төхөөрөмжүүд Украинд үнэхээр асуудал болж байгаа талаар хэлжээ. Тэр “Эдгээр дамжуулагч нь дронуудад орон зай дахь байрлал, өндөр, хурдыг тодорхойлоход тусалдаг бөгөөд ингэснээр замаасаа хазайхгүй байх боломж олгодог” гэж ярьсан байна.
Гэхдээ Ступак эдгээрийг заавал шууд цэргийн цохилтоор устгах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Дамжуулагч төхөөрөмжүүдийг устгах цорын ганц арга нь цэргийн цохилт биш. Кибер халдлагаар ч ажиллагаагүй болгож болно. 2026 оны өвөл Украин ийм аргаар Беларусь дахь ижил төрлийн төхөөрөмжүүдийг цохилт өгөхгүйгээр саармагжуулж байсан” гэж мэдэгдсэн байна.
Украины боломжит бай зөвхөн дамжуулагч биш
Хэрэв Украин үнэхээр Беларусийн нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр шийдвэл бай нь зөвхөн дамжуулагч төхөөрөмжүүдээр хязгаарлагдахгүй байж магадлалтай аж.
Өмнө нь Украины Нисгэгчгүй системийн хүчний командлагч Роберт Бровди "Беларусийн нутаг дэвсгэр дээр '500 боломжит бай' тодорхойлсон" гэж мэдэгдэж байжээ.
Вадим Кабанчук мөн Зеленский зөвхөн дамжуулагчийн талаар яриагүйг онцолжээ. Украины Ерөнхийлөгч Беларусь Орост нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн нэг хэвээр байгааг хэлж, Минскийг эдгээр нийлүүлэлтийг зогсоохыг уриалсан байна.
Түүнчлэн Кабанчук хэлэхдээ, Зеленский өмнө нь Беларусь өөрийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, нефть боловсруулах үйлдвэрүүд, логистикийн дэд бүтцээрээ Оросын армийг дэмжиж буйг Украин мэдэж байгаа" гэж ярьж байжээ.
Кабанчук “Тэр бүх дэд бүтцэд цохилт өгөх шийдвэр гарсан гэж хэлээгүй. Учир нь, ингэвэл Беларусийн бараг бүх нутаг дэвсгэрийг хамрах болно. Ийм үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хэдэн зуугаараа бий. Гэхдээ ийм хэмжээнд хүрэхгүй гэж бодож байна. Учир нь, энэ нь бүрэн хэмжээний дайны горим болно. Одоогийн нөхцөлд энэ нь Украины ч, Беларусийн ч ашиг сонирхолд нийцэхгүй” гэж хэлжээ.
“Интеграл” ба Тусгаар тогтнолын ордон - өөр ямар объектууд бай болж болох вэ?
Украины цэргийн шинжээч Иван Ступак "Украинд энгийн иргэний объектуудыг довтлох зорилго байхгүй" гэж мэдэгджээ. Тэр “Нэгдүгээрт, бид иргэний объектуудтай дайтаж байгаа биш. Хоёрдугаарт, ийм зүйл хийвэл Беларусийн олон иргэнийг өөрсдийнхөө эсрэг эргүүлж магадгүй” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр хамгийн түрүүнд яригдах зүйл бол цэргийн объектууд. Үүнд цэргийн ангиуд, нисэх буудлууд, цэргийн зориулалттай байгууламжууд багтжээ.
Тэр “Мөн албан ёсоор цэрэггүй мэт боловч цэргийн салбарт ажилладаг объектууд бай болж болно. Жишээ нь, “Интеграл”. Өөрөөр хэлбэл пуужин болон бусад зэвсгийн эд анги боловсруулдаг, үйлдвэрлэдэг газрууд” гэж тайлбарласан байна.
Мөн Ступак улс төрийн шинжтэй объектууд ч бай болж болзошгүйг үгүйсгээгүй аж. Өөрөөр хэлбэл, телевиз, Тусгаар тогтнолын ордон, Улсын аюулгүй байдлын хороо, Дотоод хэргийн яам зэрэг объектууд бай болж магадгүй. Нийлээд 500 бай хүрэх нь.
Беларусь-Украины хурцадмал байдал хэнд ч ашиггүй
Ступак болон Кабанчук хоёулаа ийм хурцадмал байдал хэнд ч ашиггүй гэж үзэж байна. Тэр “Бид түрэмгийлэгч болж харагдана. Үүний хариуд тусламж багасах, эсвэл зогсох эрсдэлтэй. Америкчууд тагнуулын мэдээлэл, пуужин нийлүүлэхээ зогсоож магадгүй. Ийм төрлийн таамаг төдий цохилт өгснөөр олж авах үр өгөөжөөсөө илүү ихийг алдах эрсдэлтэй” гэж хэлжээ.
Вадим Кабанчук "Беларусь дахь дэглэм чиглэлээ өөрчлөхгүй, Беларусийн нийгэм, олон улсын түншүүд, Украинтай үндэсний яриа хэлэлцээ эхлүүлэхгүй бол хурцадмал байдал үргэлжилж магадгүй" гэж хэлсэн байна.
Кабанчук “Бид үнэндээ ‘хамгийн муу хувилбараас зайлсхийхийн тулд хэлэлцээний ширээнд сууцгаая’ гэж хэлж байна. Энэ хамгийн муу хувилбар нь одоогийн байдлаар зөвхөн Москвагийн ашиг сонирхолд нийцнэ. Украин ч, Европын түншүүд ч, ер нь хэн ч мөргөлдөөний бүсийг тэлэхийг хүсэхгүй байх.
Лукашенко ч Беларусийн хувьд Украины халдлагыг няцаах боломж үнэндээ хязгаарлагдмал гэдгийг ойлгож байгаа. Тиймээс Москвагаас бусад бүх тал энэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэх сонирхолтой байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS