Шүлхий өвчний САТ-1 хэв шинжийн тархалтыг хязгаарлах зорилгоор Монгол Улсад нийлүүлсэн 1.6 сая тун вакцин энэ сарын 22-ны өдөр буужээ. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй холбогдох байгууллагууд вакциныг яаралтайгаар баруун бүсийн аймгуудад хүргэж, маргаашаас эхлэн дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.
Тодруулбал, вакцины эхний ээлжийг Ховд, Баян-Өлгий аймаг руу тээвэрлэсэн бөгөөд эдгээр аймгийн нийт найман сумын бүх төрлийн мал сүргийг хамруулан вакцинжуулах ажлыг зохион байгуулах юм. Вакцинжуулалт нь шүлхийн халдварыг цаашид тархахаас урьдчилан сэргийлэх, голомтыг богино хугацаанд хумих үндсэн арга хэмжээний нэг гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Сүүлийн өдрүүдэд Ховд, Баян-Өлгий болон Завхан аймгийн зарим сумдад шүлхий өвчний САТ-1 хэв шинжийн халдвар бүртгэгдэж, өвчний голомт үүссэнтэй холбоотойгоор орон нутгийн онцгой комиссууд хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж буй. Үүнтэй холбогдуулан халдвар гарсан болон эрсдэлтэй бүс нутагт мал, амьтан болон түүхий эдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, зарим суманд хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа билээ.
Мал эмнэлгийн байгууллагуудын мэдээлснээр, САТ-1 хэв шинж нь шүлхийн вирусийн харьцангуй түргэн тархах чадвартай омгийн нэг бөгөөд мал сүргийн дунд богино хугацаанд халдварлах эрсдэл өндөр байдаг. Иймээс вакцинжуулалтыг богино хугацаанд бүрэн хийж дуусгах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх нь өвчний тархалтыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэж үзэж буй юм.
Холбогдох байгууллагууд малчид, мал бүхий иргэдийг вакцинжуулалтын ажилд идэвхтэй хамрагдах, малын шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөлгүй хийхгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй мал эмнэлгийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.