Аргентины шигшээ багийн ахлагч, довтлогч Лионель Месси зургадугаар сарын 22-ны даваа гарагт Австрийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулснаар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон талаар FIFA мэдээлжээ.

Өдгөө 38 настай Мессигийн тоглолтын 38 дахь минутад оруулсан гоол түүний ДАШТ-ий тэмцээнүүдэд оруулсан 17 дахь гоол болсон байна. Тэрбээр Германы шигшээ багийн хуучин довтлогч Мирослав Клозегийн тогтоосон 16 гоолын амжилтыг ийн ардаа орхив. Нэмэлт цагт Месси Австрийн хаалганд дахин нэг гоол оруулсан байна.

ДАШТ-2026 тэмцээний үеэр Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе энэ амжилтад хүрэх боломжтой хэвээр байгаа аж. Тэрбээр одоогийн байдлаар дэлхийн аваргын тэмцээнүүдэд нийт 14 гоол оруулаад байгаа юм.

Клозе Мессид баяр хүргэв

Тоглолт дуусахаас өмнө Мирослав Клозе Аргентины багийн ахлагчид шинэ дээд амжилт тогтоосонд нь баяр хүргэжээ. Тэрбээр Германы Süddeutsche Zeitung сонинд өгсөн ярилцлагадаа “Би Мессиг муугүй тоглогч гэж үргэлж хэлдэг байсан шүү дээ” хэмээн хошигнон ярьсан байна.

Өдгөө 48 настай довтлогч цааш нь “Миний хувьд Лионель Месси бол бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгч. Баяр хүргэе, аварга минь!” хэмээн хэлжээ.

Аргентин Австрийг 2:0-ээр хожлоо

АНУ-ын Арлингтон хотод болсон тоглолтод дэлхийн аваргын цомыг эзэмшигч Аргентины шигшээ баг Австрийг 2:0-ийн харьцаагаар буулган авчээ.

Үүнээс өмнө Аргентин болон Австрийн шигшээ багууд зөвхөн нэг удаа буюу 1990 онд нөхөрсөг тоглолтод учраа таарч байсан бөгөөд тэр тоглолт тэнцээгээр өндөрлөж байв.

Эх сурвалж: DW