АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс "Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн гол шаардлагуудын нэг болох цөмийн хяналтын байцаагчдыг нутаг дэвсгэртээ дахин нэвтрүүлэхийг зөвшөөрсөн" гэж мэдэгдэв.

Тэрбээр Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай хийх хэлэлцүүлэг “өнөөдөр ч эхэлж магадгүй” гэж хэлсэн байна. Вэнсийн мэдээлснээр, АНУ болон Ираны хооронд дайныг зогсоож, эцсийн тохиролцоонд хүрэх зорилготой хийсэн эхний шатны хэлэлцээний дараа “ихээхэн ахиц гарсан” аж.

Талууд мөн Ормузын хоолойг дахин нээх, бүс нутгийн гал зогсоох дэглэмийн хүрээнд мөргөлдөөнөөс зайлсхийх зохицуулалтын талаар ярилцжээ.

60 хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрэх замын зураг гаргана

Өнгөрсөн долоо хоногт байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т Ормузын хоолойг нээх, Ливан зэрэг “бүх фронтод” байлдааны ажиллагааг зогсоох тухай заалт багтсан байна.

Хэлэлцээг зуучилж буй Катар болон Пакистан улс даваа гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, "АНУ болон Иран '60 хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрэх замын зураглал'-д хүрсэн" гэж мэдээлжээ. Вэнс хэлэлцээг “эцсийн шийдэлд хүрэх хэлэлцээний маш сайн суурь тавигдсан” гэж үнэлсэн байна.

Швейцарын нутаг дэвсгэрт хийсэн мэдэгдэлдээ тэрбээр цөмийн асуудал нь АНУ-ын хувьд “хамгийн их анхаарал татаж буй асуудал” болохыг онцолжээ. Вэнс “Энэ нь Америкийн ард түмний хувьд томоохон ахиц бөгөөд Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох эхний алхам юм” гэж хэлсэн байна.

Иран улс цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилгоор хэрэгжүүлдэг гэж үргэлж мэдэгдсээр ирсэн боловч олон улс болон ОУАЭА энэ тайлбарт бүрэн итгэлтэй байгаагүй ажээ.

Цөмийн байгууламжид хийх хяналт шалгалтыг сэргээнэ

Вэнс сэтгүүлчдийн асуултад хариулахдаа НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын байцаагчид Иранд буцан ажиллах үйл явц “ядаж энэ долоо хоногт” эхэлнэ гэж найдаж байгаагаа хэлжээ. Түүнчлэн ОУАЭА болон холбогдох талуудын яриа хэлэлцээ “өнөөдөр ч эхлэх боломжтой” гэж мэдэгдсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нарын гарын үсэг зурсан 14 заалт бүхий санамж бичигт баяжуулсан ураны нөөцтэй холбоотой асуудлаар ОУАЭА-тай хамтран ажиллах тухай тусгасан байна.

Ираны "цөмийн" түүх

Иран цөмийн зэвсэг бүтээх зорилгогүй, хөтөлбөр нь зөвхөн иргэний зориулалттай гэж мэдэгддэг. 2015 онд Иран болон АНУ, Хятад, Франц, Орос, Герман, Их Британи гэсэн дэлхийн зургаан гүрэн олон жилийн хэлэлцээний үр дүнд Ираны цөмийн хэлэлцээрийг байгуулсан.

Уг хэлэлцээрээр Ираны цөмийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, ОУАЭА-д Ираны цөмийн байгууламжуудад хяналт шалгалт хийх боломж олгожээ.

Гэвч Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд 2018 онд АНУ уг хэлэлцээрээс гарсан. Тэрбээр уг гэрээг “муу хэлэлцээр” гэж үзэж, байнгын шинжгүй, мөн Ираны баллистик пуужингийн асуудлыг хамраагүй гэж тайлбарлаж байсан аж.

2025 оны зургадугаар сард Израиль болон АНУ Иранд цохилт өгсөн 12 хоногийн дайны үеэр Тегеран ОУАЭА-ийн хяналт шалгалтыг зогсоосон. Улмаар дараагийн сард тус байгууллага үлдсэн байцаагчдаа Иранаас гаргаснаа мэдэгдсэн байна.

Ормузын хоолой болон Ливаны асуудал

Зуучлагч орнуудын мэдэгдэлд АНУ, Иран хоёр Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцууд аюулгүй зорчих нөхцөлийг хангахын тулд “харилцаа холбооны суваг” байгуулсан гэж дурджээ. Мөн АНУ, Иран болон Ливаны хооронд цэргийн мөргөлдөөнийг бууруулах зорилготой тусгай зохицуулах механизм байгуулахаар тохирсон байна.

Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи "Эхний бодит шалгуур нь Ливан дахь мөргөлдөөнийг бууруулах механизм болно" гэж мэдэгджээ.

Эхний тохиролцоонд бүх фронтод байлдааны ажиллагааг зогсоох тухай заасан ч Ливанд Израилийн агаарын цохилтын улмаас дор хаяж 67 хүн амиа алдсан, харин Ливаны зэвсэгт бүлэглэлийн халдлагад Израилийн таван цэрэг өртөж, амиа алдсан байна.

Эх сурвалж: BBC