Оросын цэргүүд Украины зүүн хэсэгт орших стратегийн ач холбогдолтой Костянтиновка хотод нэвтэрч, одоо хотыг бүслэхээр оролдож байгаа ажээ. Украины цэргүүдийн мэдээлснээр, одоогийн байдлаар хот бүхэлдээ аль нэг талын бүрэн хяналтад ороогүй, “саарал бүс” болсон байна.

Тухайн бүсэд ажиллагаа явуулж буй Украины нисгэгчгүй төхөөрөмжийн оператор ВВС-д өгсөн ярилцлагадаа “Тэд бидний ар талын бүсүүдэд нэвтэрч байна. Хот доторх нөхцөлд тэднийг шахан гаргах маш хэцүү” гэжээ.

Костянтиновка нь Донбассын төлөөх тэмцлийн гол стратегийн цэгүүдийн нэг юм. Шинжээчид "Хэрэв тус хот Оросын цэргийн хяналтад орвол Оросын хүчин Украины зүүн хэсэгт үлдсэн гол түшиц хотууд болох Краматорск болон Славянск руу давших боломж нэмэгдэж, Донбассыг бүрэн эзлэх Москвагийн зорилгод ойртоно" гэж үзэж байгаа аж.

Тулааны нөхцөл байдал хүндэрч байна

ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш фронтын шугам олон сар харьцангуй тогтвортой байсан. Украины командлагчид энэ онд алдсанаасаа илүү газар нутгийг эргүүлэн авсан гэж мэдэгдэж байсан.

Украины цэргүүд мөн Оросын хилийн бүсээс эзлэгдсэн Крым рүү чиглэсэн чухал хангамжийн замуудыг таслах оролдлого хийжээ. Үүний зэрэгцээ Киев Оросын гүн дэх газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон стратегийн объектуудад цохилт өгч, фронтоос хол байгаа орос иргэдэд дайны нөлөөг мэдрүүлэхийг зорьж буй аж.

Гэвч Костянтиновка хотод Оросын цэргүүд өмнөд хэсгээс давшиж, хотын хойд захад хүртэл хүрсэн талаар мэдээлжээ. Москвагийн тал өөрсдийн хүч хотын баруун өмнөд хэсэгт эрчимтэй урагшилж, Украины цэргийн нэгжүүдийг бүсэлсэн талаар мэдэгдсэн байна.

Киев энэ мэдээллийг үгүйсгэж буй бөгөөд хотыг хамгаалж буй Украины корпусын командлагч, бригадын генерал Олександр Бакулин “Нөхцөл байдал хяналтад хэвээр байна. Дайсан амжилтад хүрээгүй” гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр хот дотор ойролцоогоор Оросын 130 орчим цэрэг байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Хот доторх тулаан ба дроны шинэ дайн

Украины нэгэн офицер ВВС-д ярилцлага өгөхдөө "Нөхцөл байдал Оросын талын мэдээлж буй шиг хүнд биш ч Украины талын албан мэдээнээс илүү ноцтой байж болзошгүй" гэж хэлжээ. Тэр “Бид хот дотор цэвэрлэгээ болон довтолгооны бүлгүүдээр ажиллагаа явуулж байгаа ч Оросын цэргүүд улам олширсоор байна" хэмээн хэлсэн байна.

Хотын бараг бүх барилга цэргүүд нуугдах боломжтой байрлал болж, зуны улиралд мод, ургамал нь нэмэлт халхавч болж байгаа аж. Ингэснээр Оросын цэргүүд Украины дроноор илрүүлж, шууд цохилт өгөх боломжтой “үхлийн бүс”-ээр дамжин урагшлах арга олж байна гэжээ.

Оросын дроны нэгжүүд мөн Украины дрон хөөргөх байрлал, операторуудыг гол бай болгосоор байгаа аж.

Хангамж тасалдах эрсдэл нэмэгдэв

Украины дроны операторын мэдээлснээр, Украины тал Оросын явган цэргүүдийг онилохдоо гол анхаарлаа хандуулж байгаа бол Оросын тал дроны багуудыг артиллер, пуужингийн систем болон нисэх хүчнээр устгахыг оролдож буй юм байна.

Оператор “Бидэнд хүн хүч, нөөц хязгаарлагдмал байгаагийн улмаас ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэлтэй байна” гэжээ.

Оросын цэргүүд Костянтиновкад өмнө нь зүүн Украины бусад том хотуудыг эзлэхдээ ашиглаж байсан тактикаа хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, хотын зах хэсгүүдээр давшиж, нийлүүлэлтийн замыг таслан бүслэхийг зорьж буй юм байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яам хотын баруун хэсгийн хэд хэдэн тосгоныг эзэлсэн гэж мэдээлжээ.

Украины тал “Хотыг алдах нь цаг хугацааны асуудал” гэж анхааруулав

Украины фронтын нөхцөл байдлыг хянадаг DeepState байгууллага Костянтиновка хотын алдах нь “цаг хугацааны асуудал” байж болзошгүй талаар мэдэгдсэн байна. Тус байгууллага "Хэрэв хотыг алдвал энэ бүсийн логистикийн ажиллагаа улам хүндэрч, ойролцоох Краматорск хотод үлдэхэд “маш аюултай” болно" гэж үзжээ.

Украины нэгэн цэрэг “Бид одоо байгаа байрлалаа хамгаалахад ч хангалттай хүнгүй байна. Дахин давшилт зохион байгуулах боломж бүр ч хомс” гэж хэлсэн байна. Харин Украины дроны оператор “Бид хот дотор тулалдаж байна. Арга барилаа өөрчилж, тэдний хангамж болон дроны багуудыг илүү үр дүнтэй устгаж эхлэхгүй бол тэд урагшилсаар байх болно” гэжээ.

Эх сурвалж: BBC