Их Британийн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын дарга Кир Стармер албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж, намын шинэ удирдагч сонгогдох хүртэл шилжилтийн хугацаанд Ерөнхий сайдын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр боллоо.

Стармерийн шийдвэр Хөдөлмөрийн нам доторх улс төрийн дарамт нэмэгдэж, намын ирээдүйн чиглэлтэй холбоотой санал зөрөлдөөн ширүүссэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Түүний огцрох мэдэгдлийн дараа Их Манчестер хотын захирагч асан Энди Бөрнхэм Хөдөлмөрийн намын дараагийн удирдагч, улмаар Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийллээ.

Бөрнхэм нь Хөдөлмөрийн намын туршлагатай улс төрчдийн нэг бөгөөд өмнө нь Засгийн газрын сайдаар ажиллаж байсан, мөн бүс нутгийн засаг захиргааны түвшинд нэр хүндтэй улстөрчөөр танигдсан. Түүнийг нам доторх эв нэгдлийг сэргээж, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлд анхаарна гэж үзэж буй юм байна.

Хөдөлмөрийн нам шинэ удирдагчаа сонгох үйл явцаа эхлүүлэх бол нэр дэвшүүлэх ажиллагааг долдугаар сард эхлэхээр төлөвлөжээ. Хэрэв өрсөлдөгч цөөн байвал Бөрнхэм намын шинэ лидерээр тодрох боломжтой гэж улс төрийн шинжээчид үзэж байна.

Кир Стармер 2024 оны сонгуулийн дараа Хөдөлмөрийн намыг удирдан, Их Британийн Ерөнхий сайд болсон. Түүний огцорч буй нь тус улсын улс төрийн сүүлийн жилүүдийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болж буй юм.

Эх сурвалж: BBC, AP, GUARDIEN