БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар өндөр түвшний хэлэлцээ хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкар 2026 оны зургадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад төлөөлөгчид угтан авсан юм.
Айлчлалын хүрээнд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиглэл, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш”, оюун санааны болон стратегийн чухал түнш хэмээн үздэгээ онцолж, хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Др.Жайшанкарын энэхүү айлчлал хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийг шинэ агуулгаар баяжуулах, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Монгол, Энэтхэг улс 2025 онд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Стратегийн түншлэлийн 10 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал хоёр талын харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн үйл явдал болсныг талууд онцлов.
Газрын тос боловсруулах үйлдвэр - стратегийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг
Хоёр талын яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын асуудлыг онцгойлон хөндсөн юм.

Сайд Б.Батцэцэг тус үйлдвэр Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бодит илэрхийлэл бөгөөд улс орны цаашдын хөгжил, эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх стратегийн чухал төсөл болохыг онцлон, Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийлэв.
Мөн Энэтхэгийн талын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв, Энэтхэг-Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль зэрэг төслүүд хоёр орны найрсаг харилцааны бодит үр дүн болж буйг тэмдэглэлээ.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Сайд нар худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын эдийн засгийн харилцан давуу талуудыг илүү үр ашигтай ашиглах талаар санал солилцов.
Энэ хүрээнд Монгол Улсаас Энэтхэг Улсад коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын түүхий эд нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.
Түүнчлэн хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт бий болгох, гуравдагч улсын боомт болон тээврийн коридорын боломжийг ашиглах, тогтмол агаарын тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо.
Монголын агаарын тээврийн компани Дели хот руу шууд нислэг эхлүүлэхээр бэлтгэж байгаа нь иргэдийн солилцоо, аялал жуулчлал, бизнесийн харилцааг эрчимжүүлэх чухал алхам болохыг талууд онцлов.
Боловсрол, соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ

Хоёр тал боловсрол, соёлын хамтын ажиллагаа нь Монгол, Энэтхэгийн ард түмнийг холбох чухал гүүр болохыг тэмдэглэж, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв.
Ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш нарыг бэлтгэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн Энэтхэгийн талын санал болгосноор мал аж ахуй, фермерийн салбарт ухаалаг технологи ашиглан малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах туршлага солилцох боломжийг судлахаар болов.


Монгол, Энэтхэгийн найрамдалт харилцаа 70 жилийн түүхтэй
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Монгол Улс 1956 онд Шинэ Дели хотноо, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн билээ.
Өдгөө хоёр улс ардчилал, энх тайван, харилцан хүндэтгэлд тулгуурласан харилцаагаа улам бэхжүүлж, стратегийн түншлэлийг эдийн засаг, боловсрол, соёл, технологи болон олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээнд хөгжүүлж байна.