Reuters агентлаг Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны талаар онцлон нийтэлжээ. Тус нийтлэлд Монгол Улс Хятадтай хийх худалдааны эргэлтээ энэ онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж буй талаар дурдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн хамаарлын асуудлыг хөндөн өгүүлсэнийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа орчуулан онцолж байна.
Монгол Улс нүүрс, ашигт малтмалын экспортын хамгийн том зах зээл болох Хятадтай хийх худалдаагаа энэ онд 10 гаруй хувиар өсгөх зорилт тавьжээ. Энэ нь эдийн засгийн хувьд өмнөд хөршөөсөө улам их хамааралтай болох нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд (2026.06.13-15) Улаанбаатар хотноо айлчилсан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэр хоёр улсын худалдааны эргэлт энэ онд 20 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг онцолжээ. Ван Игийн энэхүү айлчлал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм.
Хэрэв энэхүү зорилт биелвэл хоёр улсын худалдааны хэмжээ 2025 оныхоос 10 гаруй хувиар өснө. Энэ нь Ирантай холбоотой мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын өсөлтийн төлөвт дарамт үүсэж, дотоодын эрэлт сул байгаа үед тавигдаж буй зорилт гэдгээрээ онцлогтой.
Хятадын гаалийн байгууллагын мэдээллээр, хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд 18.3 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 17.7 тэрбум ам.доллар болж буурсан байна.
Өнгөрсөн даваа гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон ч худалдааны тодорхой тоон зорилт дурдаагүй аж.
Ван Игийн хэлснээр олон улсын байгууллагуудын тооцоогоор, Хятадын эдийн засгийн өсөлт 1 хувиар нэмэгдэхэд Монголын экспорт 4 хувиар өсөж, эдийн засгийн өсөлт нь 0.6 хувиар нэмэгдэх боломжтой юм байна.
Economist Intelligence Unit байгууллагын ахлах шинжээч Шюй Тяньчэнь "Худалдааны өсөлтийн хандлага нэлээд эерэг байна" хэмээн хэлжээ. Түүний үзэж байгаагаар, Монголын зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж буй бөгөөд Хятад улс уг бүтээгдэхүүнийг худалдан авахад бүрэн бэлэн байгаа аж.
Мөн тэрбээр "БНХАУ-ын Шаньси мужид уурхайн ослын улмаас 82 хүн амиа алдсан нь дотоодын нүүрсний нийлүүлэлтэд дарамт учруулж байгаа тул Монголын нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвтэй" гэж онцолжээ.
ОХУ болон БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй Монгол Улс өнгөрсөн онд 80 сая гаруй тонн нүүрс экспортолсны бараг бүх хэсгийг Хятад улс худалдан авсан байна.
Ван Игийн мэдээлснээр, хоёр улсын хооронд баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор тээвэр, логистикийн холбоо улам сайжрах ажээ.
Шинжээч Шюй Тяньчэнь "Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн бүтээн байгуулалт дуусахыг бүгд анхааралтай ажиглаж байна. Энэ төсөл худалдааг улам эрчимжүүлэх болно" гэжээ.
Мөн Ван И Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчний сүүлийн үеийн дэгдэлттэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хятад улс нэг сая тун вакцин нийлүүлэх талаар мэдэгдсэн байна.
Хоёр улсын харилцаа улам гүнзгийрч буй энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс гуравдагч орнуудтай харилцах харилцаанаас үл хамааран Хятадын ашиг сонирхолд хохирол учруулах аливаа үйл ажиллагаанд оролцохгүйгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS