Швейцарьт болсон АНУ, Ираны хэлэлцээ дууссаны дараа Brent маркийн нефтийн үнэ даваа гарагт буурлаа. Учир нь, Тегеран нефть болон нефть-химийн бүтээгдэхүүний экспортод тавьсан зарим хязгаарлалтаас чөлөөлөгдөх зөвшөөрөл авсан гэж мэдэгдсэн нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэлийг бууруулжээ.
Brent маркийн нефтийн үнэ GMT-ийн 04:16 цагийн байдлаар нэг баррель нь 1.19 ам.доллар буюу 1.48 хувиар буурч, 79.38 ам.доллар болсон байна.
Арилжаа эхлэх үед үнэ нь 82.30 ам.долларт хүрч өссөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дайны ажиллагааг дахин эхлүүлэх талаар анхааруулсан, мөн Тегеран Ормузын хоолойг дахин хааснаа мэдэгдсэнтэй холбоотой байжээ.
АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн нефтийн фьючерс үнэ нэг баррель нь 76.73 ам.доллар болж, өмнөхөөсөө 13 центээр өссөн аж. Харин наймдугаар сарын илүү идэвхтэй гэрээний үнэ 21 центээр буурч, 75.64 ам.доллар болсон байна. Өнгөрсөн баасан гарагт АНУ-д бүх нийтийн амралтын өдөр тохиосон тул нефтийн зах зээлийн хаалтын үнэ тогтоогдоогүй аж.
Судалгааны байгууллага SS WealthStreet-ийн үүсгэн байгуулагч Сугандха Сачдева “Үнэ буурсан нь АНУ, Ираны хооронд дипломат тохиролцоонд хүрэх боломж нэмэгдэж, Иранд тавьсан хориг арга хэмжээг цаашид сулруулах найдвар бий болсонтой холбоотой” гэж тайлбарлажээ.
АНУ, Ираны анхны хэлэлцээ өндөрлөв
Зуучлагч талууд "АНУ болон Ираны өндөр албан тушаалтнуудын Швейцарьт хийсэн анхны шатны хэлэлцээ даваа гарагт өндөрлөсөн" гэж мэдээлжээ. Энэхүү хэлэлцээ нь өнгөрсөн долоо хоногт байгуулсан санамж бичгийн хүрээнд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сараас үргэлжилж буй эмзэг гал зогсоох тохиролцоог дор хаяж 60 хоногоор сунгах зорилготой байв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Иран улс нефть болон нефть-химийн бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл, царцаасан хөрөнгийн тодорхой хэсгийг чөлөөлөх, мөн сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр эхлүүлэх тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгджээ.
Шинжээч Сачдева “Ийм шийдвэр гарвал өдөрт ойролцоогоор 1.5 сая баррель Ираны нефть олон улсын зах зээлд эргэн нийлүүлэгдэх боломжтой. Энэ нь эрэлтийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа үед дэлхийн нийлүүлэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ” гэж хэлсэн байна.
Ормузын хоолойн эрсдэл зах зээлд нөлөөлөв
Хэлэлцээ эхлэхээс өмнө Иран Ормузын хоолойг дахин хаасан тухай мэдэгдсэний дараа тус бүс нутгаар зорчиж буй хөлөг онгоцны тоо эрс буурсан байна. Тегеран уг шийдвэрээ Израиль болон АНУ түр эвлэрлийн хэлэлцээрийг зөрчсөнтэй холбон тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Израилийн Ливанд өгсөн цохилтын улмаас бямба гарагт дор хаяж 20 хүн амиа алдсан талаар Ливаны төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Энэ нь "Хезболла" бүлэглэлтэй байгуулсан гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс нэг хоногийн дараа болжээ.
ING Group-ийн шинжээчид “Сүүлийн үеийн үйл явдлууд урт хугацааны тогтвортой хэлэлцээрт хүрэх зам амаргүйг харуулж байна. 60 хоногийн гал зогсоох хугацаанд мөргөлдөөн дахин хурцдах бодит эрсдэл бий” гэж дүгнэжээ.
Гэвч өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ 8 хувиас илүү буурсан байна. Үүнд Персийн булангийн бүсэд саатсан нефтийн нийлүүлэлт сэргэх хүлээлт болон АНУ-Ираны тохиролцооны хүрээнд Ираны нефтьд тавьсан хориг цуцлагдаж магадгүй гэсэн таамаг нөлөөлжээ.
Ираны Үндэсний нефтийн компанийн тэргүүн Хамид Бовардыг иш татан мэдээлснээр, даваа гаргаас хойш 25 сая гаруй баррель Ираны нефть далайн тээврийн хязгаарлалтыг даван, олон улсын зах зээлд гарсан байна.
Мөн Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Ирак зэрэг орнууд өнгөрсөн долоо хоногт хэрэглэгчдэд нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүүлэх санал гаргажээ.
Иракийн Дэд нефтийн сайдын мэдээлснээр тус улс газрын тосны олборлолтоо үе шаттай нэмэгдүүлж, өдөрт 4.2-4.3 сая баррельд хүргэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: REUTERS