ОХУ-ын Зэвсэгт хүчний цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) Украины Харьков хотын хойд хэсэгт орших Шевченковский дүүргийн олон давхар орон сууцны барилгыг онож, гал гарчээ.
Тус хотын захирагч Игорь Терехов зургадугаар сарын 22-ны шөнө Telegram хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлсэн байна. Түүний хэлснээр, дрон барилгын 22 дугаар давхар орчимд, фасад хэсгийг оножээ.
Хотын дарга “Олон давхар орон сууцны барилгын фасад хэсэгт, 22 дугаар давхар оногдсон нь тогтоогдсон” хэмээн мэдэгдсэн байна.
Цохилтын дараа барилгын гадна фасад шатаж, арав орчим цонх хагарсан ч гал түймрийг богино хугацаанд унтраажээ. Урьдчилсан мэдээллээр хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй байгаа аж.
Одесса мужид “Искандер” пуужингаар цохилт өгчээ
Үүний зэрэгцээ Одесса мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Кипер "Оросын арми зургадугаар сарын 21-ний орой Украины Одесса мужийн Одессын дүүрэгт байрлах хөдөө аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт “Искандер” баллистик пуужингаар цохилт өгсөн" гэж мэдээлжээ.
Урьдчилсан мэдээллээр, нэг хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан байна. Мөн цохилтын улмаас автомашинууд болон шатахуун хадгалах савууд шатаж, агуулахын барилга эвдэрч сүйдсэн байна. Одоогийн байдлаар ослын газарт онцгой байдал, аврах албаны ажилтнууд ажиллаж байгаа аж.
Украин Германаас агаарын довтолгооноос хамгаалах 600 пуужин худалдан авна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь Германтай агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан 600 пуужин худалдан авах гэрээ байгуулснаа мэдэгдсэн байна.
Тэрбээр Украины “ТСН. Неделя” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Бид Германы үйлдвэрлэгчидтэй томоохон хэмжээний гэрээ байгуулсан. Нийт 600 пуужин худалдан авахаар тохиролцсон” гэж хэлжээ.
Украины тал энэхүү худалдан авалтыг Оросын пуужин болон дроны довтолгооноос хамгаалах чадавхиа бэхжүүлэх хүрээнд хийж байгаа аж.
Эх сурвалж: DW