Виви зургадугаар сарын 9-нд Ticketmaster-д нэвтрэхдээ олон жил хүлээсэн BTS хамтлагийн тоглолтыг үзэх боломж нь эцэст нь ирлээ гэж итгэж байв. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая фенүүдийн нэгэн адил 26 настай тэрбээр “тасалбарын тулаан”-д бэлэн байж. Тэр ч байтугай ажлаасаа чөлөө авсан байсан аж.
Долоон гишүүнтэй хамтлагийн дэлхийн асар том аялан тоглолт түүний амьдардаг газар болох Индонезийн нийслэл Жакарта хотод ирэх гэж байсан тул олон жилийн турш BTS-ийг дэмжсэн түүний хувьд энэ тоглолтыг алгасах боломжгүй байжээ.
Компьютерийнхээ өмнө суугаад, дарааллын дугаараа ширтэн хэдэн цаг хүлээсний эцэст түүний ээлж ирсэн ч түүнд тасалбарууд хэдийнэ дууссан талаар мэдэгдсэн аж. Гэхдээ дахин худалдаа нээгдэх боломж байсан тул тэр дахин дахин оролдсон ч амжилт олоогүй байна.
Виви BBC-д “Эрэлт үнэхээр хэтэрхий их байсан болохоор боломжгүй мэт санагдсан” гэж ярьжээ.

Эцэст нь, заавал тасалбар авахын тулд тэрбээр X платформ дээрх нэгэн дахин борлуулагчтай холбогдож, дөрвөн VIP тасалбарын төлөө 1200 ам.доллар төлсөн байна. Энэ нь түүний логистикийн компанид ажилладаг хоёр сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө аж. Гэвч удалгүй нөгөө хүн хариу өгөхөө больжээ.
Виви “Мөнгөө шилжүүлсний дараа шууд л намайг орхисон. Энэ үнэхээр аймшигтай. Би маш их гуниглаж, сэтгэлээр унасан” гэж ярьсан байна.
BTS хамтлаг Зүүн Өмнөд Азид 88 тоглолтынхоо 15-ыг хийхээр төлөвлөсөн бөгөөд тасалбарын асар их эрэлт хэрэгцээг ашигласан луйварчдад олон арван фенүүд нийлээд 100 мянга гаруй ам.доллар алдсан байна.
Фенүүдийн баяр, бухимдал хосолсон сар
BTS-ийн фенүүд өөрсдийгөө “Army” гэж нэрлэдэг. Тэд цар тахлын дараах завсарлага, гурван жилийн хугацаанд тайзнаас хол байсан үеийн дараа шүтдэг хамтлагаа дахин аялан тоглолт хийж буйд баярлаж байсан ч тасалбар авахын төлөөх ширүүн өрсөлдөөнд бухимдаж, луйварчдын бай болсон байна.
Тайландад тус хамтлагийн 126 фен "Тасалбар авахад тусална" гэж амалсан хүнд хууртсан талаарх гомдлоо хууль тогтоогчдод хүргүүлжээ. Мөн луйварчид онлайн фен бүлгүүдэд нэвтэрч, онцгой эрхтэй тасалбар, эсвэл хямд үнээр зарна гэж амлаад, мөнгө авмагцаа алга болсон байна.
Зарим нь бүр хуурамч тасалбарыг жинхэнэ мэт харагдуулахын тулд бусдын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх олгодог хууль ёсны баримт бичиг болох “итгэмжлэл”-ийг хүртэл ашиглаж байжээ. Эдгээр арга нь шинэ зүйл биш тул эрх баригчид олон удаа анхааруулга өгсөн ч фенүүд хууртсаар байна.
BTS-ийн эрэлт

Энэ аялан тоглолт дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд 2027 он хүртэл үргэлжилж, 34 хотод зохион байгуулагдана.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, BTS болон тэдний агентлаг HYBE Corporation концерт, бараа бүтээгдэхүүн, лиценз, цомгийн борлуулалт болон стриминг орлогоос нийлээд бараг 2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой юм байна.
BBC "Азийн орнуудад тасалбар авах хүсэлтэй хүмүүсийн тоо боломжит тасалбараас 15 дахин их байсан" гэж мэдээлжээ. Эрэлт маш өндөр байгаа тул шинэ тоглолтын өдрүүдийг сунгаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Жакарта болон Филиппиний Булакан хотуудад тус бүр гурав дахь тоглолтоо хийхээр болсон байна.
“Хэрэв би тайвширсан бол анхааруулах дохиог анзаарах байсан”
Дахин нэг өдрийн тоглолт зарлагдахад Виви дахин “тасалбарын төлөө тэмцэхээр” шийдсэн ч энэ удаа албан ёсны сувгийг ашиглахаар болсон байна. Тэр “Би ажлын уулзалтад орох гэж байхдаа хэн нэгэн миний өмнө тасалбар авах вий гэж айж байсан. Тиймээс хурдан мөнгө шилжүүлээд, баталгаажуулахыг л хүссэн” гэж ярьжээ. Тэр “Хэрэв би жаахан тайвширсан байсан бол луйврын үйлдлүүдийн шинж тэмдгүүдийг анзаарах байсан байх” хэмээн хэлсэн байна.
Сингапурын цагдаад зургадугаар сарын 1-нээс хойш BTS-ийн тасалбартай холбоотой дор хаяж 62 гомдол ирж, нийт хохирол 68 мянган сингапур доллароос давсан байна.
Цахим худалдааны компани Carousell тасалбар дахин худалдах үйлчилгээгээ түр зогсоож, хоригийг Сингапур дахь BTS-ийн сүүлийн тоглолт болох арванхоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Малайзын цагдаагийн газар мөн тасалбар авах гэж байгаад залилуулсан гэх 28 гомдол хүлээн авснаа мэдээлжээ.
BTS-ийн фенүүдийн хувьд энэ бол зүгээр нэг концерт биш
BTS анх гарч ирсэн үедээ ихэвчлэн Өмнөд Солонгос, Япон, АНУ-д тоглолт хийдэг байсан. Хамтлаг улам бүр алдартай болж, дэлхийн өнцөг булан бүрээс “Army” нэмэгдэхийн хэрээр аялан тоглолтын хүрээ Ази, Европ, Ойрхи Дорнод, Латин Америк хүртэл тэлсэн байна.
Энэ удаагийн Arirang дэлхийн аялан тоглолт Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн таван улсад олон тоглолт хийх анхны тохиолдол болж буй аж.

Бүс нутаг дахь тасалбарын үнэ 100-300 ам.долларын хооронд буй бөгөөд хамгийн үнэтэй багцад тайзны өмнөх дууны бэлтгэл үзэх эрх, шилдэг суудал болон BTS-ийн бараа бүтээгдэхүүн багтжээ.
Виви шиг олон фенүүдийн хувьд BTS-ийг эх орондоо тоглолт хийхийг үзэх нь онцгой үйл явдал аж. Виви BTS-ийг 2013 онд дебют хийснээс нь хойш жилийн дараа буюу 14 настайгаасаа мэддэг болсон байна. Тэр хамтлагийн хөгжмөөс гадна RM, Jin, Suga, J-Hope, V, Jimin, Jungkook гэсэн долоон гишүүнийг “маш үнэнч, жинхэнэ хүмүүс” гэж боддог байжээ.
2019 онд тэрээр BTS-ийн өмнөх дэлхийн аялан тоглолтыг үзэхээр ганцаараа Бангкок руу явсан аж. Тэр “Анх удаа ганцаараа аялж байсан. Тэнд таних хүн байгаагүй ч бусад фенүүд надад маш их тусалсан. Үнэхээр мартагдашгүй сайхан туршлага байсан” гэж хэлжээ.
Долоон жилийн дараа BTS Жакартад ирэхийг сонсоод, тэр мөнгө хуримтлуулж эхэлсэн байна. Тэрбээр “Би энэ тасалбар авахын тулд маш их бэлдсэн. Гэхдээ зөвхөн би биш, бүх Army маш их хичээдэг” гэжээ.
Түүний хэлснээр, зарим фенүүд тасалбар авахын тулд интернэт тасалдахгүй гэж үзэн, интернэт кафед бүтэн долоо хоног компьютер түрээсэлж байсан аж.
Виви “Индонезид бид зөвхөн тасалбарын төлөө тэмцдэггүй. Бид хамгийн сайн интернэт кафе, өндөр хүчин чадалтай утас түрээслэхийн төлөө хүртэл тэмцдэг. Энэ бол бүх талаараа дайн” гэж хэлжээ.
“Бид зөвхөн концерт үзэх гэж байгаа биш”
Филиппиний нэгэн фен Threads дээр “Бараг арван жил хүлээсэн хүмүүс BTS-ийг үзэх боломжгүй болж байгааг мэдэх үнэхээр өвдөлттэй байна. Зарим хүмүүс зүгээр нэг концерт үзэх гэж байгаа биш. Олон жил дэмжиж ирсэн долоон хүнийг харах гэж байгаа юм” гэж бичжээ.
Тайландад Журалук Кунарак 125 хохирогчийн өмнөөс парламентад гомдол гаргасан байна. Тэд бүгд тасалбар худалдаанд гарахаас хэд хоногийн өмнө ижил X хэрэглэгчид хэдэн зуун доллар шилжүүлж алджээ. Тэр хэрэглэгч сайн суудал авч өгнө гэж амалсан боловч худалдаа эхэлсэн өдөр бүртгэлээ устгасан байна.
Журалук өөрөө VIP багц гэж бодсон зүйлдээ 25 мянган бат буюу 760 ам.доллар төлөөд алджээ. Тэр “Энэ хаягийг би нэлээд удаан ажигласан. Олон дагагчтай, олон сэтгэгдэлтэй байсан болохоор найдвартай гэж бодсон. Үнэ нь ч боломжийн байсан” гэж ярьжээ.
Энэ төрлийн луйвар өмнө нь ч алдартай тоглолтуудын үеэр гарч байсан. Тухайлбал Ta,ylor Swift The Eras Tour-ийн үеэр ч олон фен хохирсон аж.
BTS-ийн олон улсын тасалбарын үйл ажиллагааг хариуцдаг Ticketmaster компани луйварчид болон тасалбар дамлан худалдаалагчдын эсрэг шинэ хиймэл оюун ухааны технологи, хатуу дүрэм ашиглаж эхэлсэн гэж мэдэгдсэн байна.
Фенүүд зөвхөн албан ёсны эх сурвалжаас тасалбар авах хэрэгтэй гэж тус компани анхааруулжээ. Гэвч олон фенүүдийн хувьд энэ нь “сүүлчийн боломж” мэт санагдсан хэвээр байгаа аж.
Филиппиний Күүки хоёр удаа албан ёсны сувгаар тасалбар авч чадаагүй тул дахин борлуулагчид ханджээ. Тэр “Би түүнийг Facebook дээр нэмсэн, ямар сургууль төгссөн, хаанаас гаралтайг нь хүртэл шалгасан. Гэвч мөнгөө төлсний дараа луйварчин түүнийгээ хааж, тасалбар хэзээ ч ирээгүй" гэж ярьсан байна.

Күүки “Би ичсэн. Гэр бүл, хамгийн ойрын найзууддаа ч хэлээгүй. Тэд намайг тэнэг гэж бодох вий гэж айсан. Би зүгээр л үнэхээр очихыг хүссэн учраас яаран шийдвэр гаргасан” гэж хэлжээ.
Эцэст нь, Виви дахин оролдсоны эцэст тасалбар худалдан авалт амжилттай болжээ. Найзууд нь тэр болон Жакарта даяар өөр өөр газраас, өөр интернэт холболт ашиглан зэрэг тасалбар авах гэж оролдсон байна. Мөн энэ удаа "аз таарчээ".
Тэр BTS-ийн тоглолтын тасалбартай болсон байна.
Эх сурвалж: BBC