Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 21-ний ням гарагт эфирт гарсан “ТСН. Ням гараг” нэвтрүүлэгт оролцохдоо "Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкийн үйлдлээс Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны олон жилийн турш баримталж ирсэн чиглэлийг давтах гэсэн оролдлого харагдаж байна" гэж мэдэгджээ.
Тэр “Энэ бол Орбаны хийж байсан зүйл. Муу түүх. Миний бодлоор энэ бүхэн муугаар төгсөнө” хэмээн онцолсон байна. Үүний өмнө Навроцкий Зеленскийг Польшийн төрийн дээд шагнал болох Цагаан бүргэдийн одонгоор шагнасныг хүчингүй болгож, хураан авсан юм.

Зеленский энэ явдлыг Польш дахь дотоод улс төрийн тэмцэл хурцадсантай холбон тайлбарлажээ. Украины улс төрч “Би үүнийг зөвхөн сонгуулийн үйл явц гэж харж байна. Тэд 2027 онд Ерөнхий сайдын сонгуультай” гэж сануулсан байна.
Тэр “Ерөнхийлөгч Кароль Ерөнхий сайд Тускийн эсрэг өөрийн намыг ялуулахын тулд Ерөнхий сайдын суудлын төлөө тэмцэж байна. Энэ асуудалд бид ямар ч хамаагүй, энэ бол тэдний дотоод хэрэг” гэж нэмж хэлжээ.
“Хөршүүд бие биенийхээ түнш байх ёстой”
Зеленский Польшийн улс төрийн элитүүдэд хандан рейтингээ өсгөхийн тулд үзэн ядалтын хэл ашиглахаас сэрэмжлүүлжээ. Учир нь, тэр урт хугацаанд ийм хандлага нь хоёр ард түмний сайн хөршийн харилцааг сүйтгэж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч польшууд болон украинчууд бол хөрш ард түмэн болохыг онцлоод, "Хэрэв хөршүүд түнш байж чадахгүй бол жил ирэх тусам Киев болон оросуудын хоорондын өнөөгийн харилцаатай төстэй нөхцөл байдал үүснэ" гэж анхааруулжээ.
Түүний хэлснээр, энэ нь “үл хүндлэл, түрэмгийлэл, нийгмийн радикалжилт” руу хүргэж болзошгүй аж.
“Украингүйгээр Польшийг хэн ч хамгаалж чадахгүй”
Украины төрийн тэргүүн "Олон нийтийн сэтгэл хөдлөлийг зохиомлоор хурцатгаж, үзэн ядалтаар “улс төрийн оноо авах” гэсэн оролдлого нь буруу зам бөгөөд аюултай хурцадмал байдалд хүргэж болзошгүй" гэж үзэж байгаа аж.
Зеленский мөн түүхэн маргаанаас илүү геополитикийн бодит байдлыг дээгүүр тавих ёстойг сануулжээ.
Тэр “Украингүйгээр Польшийг хэн ч хамгаалж чадахгүй. Энэ бол зүгээр л боломжгүй зүйл. Хэрэв Украин байхгүй бол хамгаалагдсан Польш гэж байхгүй” гэж мэдэгджээ.
Варшав, Киевийн хоорондын зөрчлийн шалтгаан
Дипломат маргааны эхлэл нь Зеленскийн тавдугаар сарын 26-ны зарлиг байсан аж. Тэрхүү зарлигаар тусгай ажиллагааны “Умард” төвд Украины босогчдын арми (УБА)-ийн баатрууд хүндэт нэр олгосон байна.
Польшид энэ шийдвэр хүчтэй шүүмжлэл дагуулсан. Учир нь, УБА-ийн дайчдыг 1943-1944 оны Волынийн хядлагад оролцсон гэж үздэг. Уг үйл явдлын үеэр янз бүрийн тооцоогоор 30-60 мянган польш, 20-30 мянган украин хүн амиа алдсан гэж мэдээлдэг байна.
Навроцкий Зеленскийн өмнөх Ерөнхийлөгч Анджей Дудагаас авсан Польшийн төрийн дээд шагнал болох Цагаан бүргэдийн одонг нь хүчингүй болгосны дараа Зеленский уг одонг Варшав руу шуудангаар буцаан илгээжээ.
Үүний дараа Украины хоёр дахь Ерөнхийлөгч Леонид Кучма болон гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенко нар мөн уг шагналаас татгалзсан байна.
Хожим Украины өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенко ч мөн Польшийн Цагаан бүргэдийн одонгоос татгалзсанаа мэдэгдсэн аж. Порошенко Навроцкийн шийдвэрийг “Алдаатай бөгөөд Украины ард түмэнд шударга бус хандсан хэрэг” гэж нэрлэжээ.
Эх сурвалж: DW