АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ням гарагт Ирантай энхийн хэлэлцээ хийхээр Швейцарын уулын амралтын Буергеншток цогцолборт хүрэлцэн ирэв. Энэхүү уулзалт долоо хоногийн өмнө байгуулсан урьдчилсан энхийн тохиролцооны хүрээнд төлөвлөгдсөн байсан. Гэвч Иран Ормузын хоолойд тавьсан хориг арга хэмжээгээ дахин сэргээснээ зарласнаар дипломат хүчин чармайлтыг бүдгэрүүлсэн байна.

Долоо хоногийн өмнө тохиролцсон харилцан ойлголцлын санамж бичигт Ормузын хоолойг нээж, бүх төрлийн байлдааны ажиллагаа, тэр дундаа Израилийн гуравдугаар сард халдан довтолсон Ливан дахь мөргөлдөөнийг зогсоохоор тусгасан байв. Гэвч байлдаан дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа тул Иран бямба гарагт хоолойг дахин хааснаа мэдэгдсэн аж.

АНУ-ын албаныхан Ормузын хоолой хаагдсан гэх мэдээллийг няцааж, бямба гарагт 55 худалдааны хөлөг уг хоолойгоор нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна. Харин ням гарагт Ираны Fars агентлаг цэргийн эх сурвалжаас иш татан, "Дараагийн мэдэгдэл хүртэл хөлөг онгоцуудад шинэ нэвтрэх зөвшөөрөл олгохгүй" гэж мэдээлжээ.

Газрын тосны үнэ дахин өсөх эрсдэлтэй болов
Дайны үеэр дэлхийн эдийн засагт нөлөөлөх томоохон үйл явдлууд ихэвчлэн амралтын өдрүүдэд тохиолддогийн адил энэ удаагийн мэдэгдэл ч хөрөнгийн зах зээл хаалттай байх үед гарсан тул бодит нөлөөг нь үнэлэхэд хүндрэлтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн тохиролцоог дэмжих болсон шалтгаанаа Ормузын хоолой хаагдсанаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт дэлхийн эдийн засгийг хямралд хүргэж болзошгүй байсантай холбон тайлбарлажээ.
Тохиролцоо зарлагдсанаас хойш газрын тосны үнэ дайны эхэн үеэс хойших хамгийн доод түвшинд хүрээд байсан ч Иран бодитойгоор хориг арга хэмжээгээ сэргээсэн бол даваа гарагт зах зээл нээгдэхэд үнэ огцом өсөх эрсдэлтэй байгаа аж.
Буергеншток дахь уулзалт нэг өдөр үргэлжилнэ

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи Швейцарын үзэсгэлэнт Буергеншток амралтын газарт болж буй уулзалтад Иран, АНУ-аас гадна зуучлагч орнууд болох Катар, Пакистан оролцож байгаа бөгөөд хэлэлцээ ердөө нэг өдөр үргэлжилнэ гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, АНУ Ливанд гал зогсоох баталгаа гаргаж чадаагүй тул энэ удаагийн уулзалтаар зөвхөн харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх бөгөөд дараагийн шатны яриа хэлэлцээнд багтсан гол асуудлуудыг хөндөхгүй ажээ.
Цөмийн асуудлаар ахиц гарна гэж найдаж байна

Санамж бичигт Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлаар 60 хоногийн хэлэлцээ хийх, үүний хариуд олон улсын хориг арга хэмжээг цуцлах тухай тусгасан байна. Энэ хүрээнд Иран зарим хоригийг түр түдгэлзүүлэх, царцаасан хөрөнгийг нь чөлөөлөх зэрэг эхний эдийн засгийн үр өгөөж хүртэхээр байгаа аж.
АНУ-ын төлөөлөгчдийг Вэнс тэргүүлж байгаа бол Ираны талаас парламентын дарга Мохаммад Багер Галибаф ахалж буй юм байна. Тэд хоёр сарын өмнө болсон цорын ганц нүүр тулсан уулзалтаар өмнө нь уулзаж байжээ.
Вэнс АНУ-аас мордохын өмнө сэтгүүлчдэд "Цөмийн асуудал болон Ливанд гал зогсоох асуудлаар тодорхой ахиц гарна гэж найдаж байна. Хэлэлцээ хэдэн өдөр үргэлжилж магадгүй" хэмээн ярьсан аж.
Ливан дахь мөргөлдөөн үргэлжилсээр байна

Бямба гарагт Ираны хувьсгалт гвард Израилийг Ливанд "дайны гэмт хэрэг" үйлдэж, АНУ-ын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутган, Ормузын хоолой руу ойртсон хөлөг онгоцууд эрсдэлд орно гэж анхааруулсан байна.
Ливанд гал зогсоох хэд хэдэн удаагийн тохиролцоо, хамгийн сүүлд баасан гарагт зарласан гал зогсоох шийдвэр хүртэл бодит үр дүнд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд Израилийн довтолгооны улмаас нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
"Ройтерс" агентлагийн сэтгүүлчид Ливаны өмнөд хэсэгт Израилийн цохилтод өртсөн бүсүүдэд аврагчид шархадсан иргэдийг тээвэрлэж буйг харсан бөгөөд олон хот, тосгон бетон нуранги болон хувирчээ. Ливаны эрх баригчдын мэдээлснээр зөвхөн бямба гарагт 20 хүн амь үрэгдсэн байна.

Израильд дайны үр дүнд сэтгэл дундуур байна
Трамп болон Израилийн Ерөнхий сайд Бэнжамин Нетаньяху хоёрдугаар сард дайныг эхлүүлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийг устгах, бүс нутгийн орнуудад заналхийлэх чадамжийг нь бууруулах, улмаар Ираны дотоод засаглал өөрчлөгдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж байсан.
Гэвч АНУ-ын албаныхан Ираны цэргийн хүчинд ихээхэн хохирол учруулсан гэж үзэж байгаа ч дээрх зорилтуудын аль нь ч бүрэн хэрэгжээгүй байна.
Reuters агентлагийн авсан Иерусалимын Еврейн их сургуулийн судалгаагаар израильчуудын 92 хувь нь Иран Израиль-АНУ-ын цэргийн хамтарсан ажиллагаанаас Израилиас илүү ашиг хүртсэн гэж үзжээ. Харин ердөө 8 хувь нь Израиль ялалт байгуулсан гэж үзсэн байна.
Мөн санал асуулгад оролцогчдын бараг 90 хувь нь дайны зорилтууд биелээгүй гэж үзсэн бол 30 хүрэхгүй хувь нь Нетаньяхугийн "томоохон амжилт олсон" гэх мэдэгдэлд итгэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS