Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX их хурал үргэлжилж байна. Тус эвлэлийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Б.Дагиймаа нэрээ татаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр "Миний бие 75 жилийн түүхтэй салбарынхаа эрхэм хүндтэй байгууллагын Ерөнхийлөгчид Ардчилсан Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлсэн билээ.  

Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөнөөс хойш тогтмол хэвлэл, телевизийн салбарт тасралтгүй 30 жил ажилласан хүний хувьд би сэтгүүл зүйдээ хайртай, МСНЭ-ээ үргэлжилж хүндэлж, үйл ажиллагааг нь дэмжсээр ирсэн.

Төдийгөөс өдий хүртэлх түүхэн замналтай энэ байгууллагад бодлогын хийгээд бодит ажлын шинэчлэлт хийхийг хүссэн. Миний шинэчлэл өнгөрснийг харлуулахгүй, хүнтэй зууралдахгүй. Харин гурван үеийн алтан гагнаасыг алдалгүй барьж явна.

Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллаж буй сайтын сэтгүүлч, Улиастай хотдоо ажиллаж хөдөлмөрлөж буй уран бүтээлч гээд эх орныхоо 4 зүг найман зовхист хоёргүй сэтгэлээр зүтгэж эгэл даруу бүхний зорилго, санаа бодлыг нэгтгэх гэгээн хийгээд хариуцлагатай зорилго тавьсан.

Салбарынхаа цорын ганц төрийн бус байгууллагаа шинэчилж, өөрчлөхөд туршлага  мэдлэгээ зориулах, эрдэмтэн багш, ахмад үе, сайт, тв, орон нутаг, фм төлөөлөлтэй хамтран ажиллах мөрөөдөлтэй энэ өдрүүдэд ажилласан. Мөрийн хөтөлбөрөө ч боловсруулсан байлаа.      

Монголын сэтгүүл зүй шантаажны, халаасны сэтгүүл зүй гэсэн нэр томьёоноос салж, мэргэжлийн ёс зүйтэй, мэдээллийн эрин зуунд хамгийн нэр хүндтэй мэргэжил байгаасай хэмээн зорьж, энэхүү их хурлыг манай салбарын Эвлэрэлийн, Ирээдүйн хөгжлийн их хурал байгаасай гэж бодож, энэ цаг хүртэл зорьж ирлээ.
Гэвч нэр дэвших үйл явцаас эхлээд манай салбарт шударга бус, эрх мэдлийн илтэд давуу эрх эдлэх, бусдын боломжийг хаах, өөрийгөө дөвийлгөх байдал газар авсан нь мэдрэгдсэн. Тухайлбал МСНЭ 18 удаа их хурал хийхдээ хэзээ ч нэр дэвшигчид 6 сая төгрөгийн дэнчин тавьж байгаагүй. Заалнаас нэр дэвших эрхийг хааж байгаагүй билээ. Ингэснээр залуу үе,  хүсэл мөрөөдөлтэй залуусыг нэр дэвших эрхийг хаасан хэмээн харж байна. 

Мөн нэр дэвшсэн цагаас эхлэн миний өнөөгийн хашиж байгаа ажил, мэргэжлийн нэр хүнд, миний гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрсан үг хэл, захиалгат нийтлэл, мэдээллийг өрсөлдөгчид маань нийтэлж байгаа нь  шударга өрсөлдөөн болохгүй гэдгийг илтгэлээ.

Мэргэжлийн байгууллагынхаа дотоод асуудлыг улс төрийн, улс орны асуудал болгон, эрх мэдэлд хүрэхийн тулд шунал, шантаажаа ашиглаж байгаа нь ёс зүй, зарчим, сэтгүүлч мэргэжилээ хүндэлдэг миний хувьд  нийцэхгүй хэмээн бодож, нэрээ татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Монголын сэтгүүл зүй эрүүлжиж, МСНЭ эрс шинэчлэл хийх цаг болсон гэж бодож байна. Үүний төлөө сэтгүүлч мэргэжилтэй хүн бүр зүрх сэтгэлээрээ дэмжин тууштай ажиллахыг уриалж байна.

Энэ байгууллага улс төрд нэр дэвшигчийн босго, улс төржүүлдэг талбар байх учиргүй. ИХ хурлын төлөөлөгчидөө талцуулахгүй нь тул ийм шийдвэрт хүрлээ. Намайг эргэлт буцалтгүй дэмжсэн бүхий л сэтгүүлчиддээ баярлалаа. 

Та бүхнийхээ итгэлийг шинэ уран бүтээл, сэтгүүл зүйн ажлаараа харуулах болно.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн их хуралдаа баярлалаа" гэв.