Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн XIX Их хурал өнөөдөр (2026.06.21) хуралдаж, тус байгууллагын шинэ Ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Энэ удаагийн их хурал зөвхөн шинэ удирдлагаа тодруулах төдий бус Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдал болж буйгаараа онцлог юм.
Их хурлаар өмнөх Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинэ Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл болон Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгоно.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай гурван нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэд бол сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар юм.
Телевизийн салбараас төлөөлөл болсон нэр дэвшигч Э.Дагиймаа

Э.Дагиймаа телевизийн салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлчдийн нэг. Тэрбээр 1996 оноос Монголын үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. Үүний дараа "ТВ-5" телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захирлын албыг хашиж, телевизийн удирдлагын түвшинд ажилласан туршлага хуримтлуулжээ.
Мөн Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн телевизийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан нь салбарын бодлого, зохицуулалтын түвшинд ажиллаж байсан туршлагыг нь илтгэнэ. Түүнчлэн "Үндэсний шуудан" сонинд улс төрийн мэдээллийн албаны дарга, орлогч эрхлэгчээр ажиллаж, хэвлэлийн салбарт ч өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Хэвлэл мэдээллийн удирдлагын туршлагатай өрсөлдөгч Л.Нинжжамц

Л.Нинжжамц бол Монголын хэвлэл мэдээллийн салбарт хамгийн танигдсан удирдах ажилтнуудын нэг. Тэрээр 1990-ээд оны сүүлээр "Толь" сонины Ерөнхий редактороор ажиллаж байсан бөгөөд Монголын Сонины Холбооны гүйцэтгэх захирлаар олон жил ажилласан туршлагатай. Дараа нь МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч зэрэг төр, хэвлэл мэдээллийн огтлолцлын чухал албан тушаалуудыг хашиж байв.
Мөн "Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгчээр ажилласны зэрэгцээ 2016-2020 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж, үндэсний хэмжээний хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдсан туршлагатай. Түүний хувьд өмнө нь МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан нь сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагааг сайн мэддэг өрсөлдөгчдийн нэг гэдгийг харуулж байна.
Ёс зүй, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай З.Боргилмаа

З.Боргилмаа сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажилласан, улс төр, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн удирдлагын чиглэлээр өргөн туршлагатай сэтгүүлч юм. Тэрбээр ажлын гараагаа Монголын үндэсний радиод сурвалжлагчаар эхэлж, парламентын тоймчоор ажиллаж байсан. Дараа нь "Өнөөдөр" сонин, "Ардын эрх" сонин, News.mn болон News Agency агентлагуудад сурвалжлагч, тоймч, албаны даргаар ажилласан байна.
2013-2015 онд Гадаад харилцааны яаманд сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, төрийн байгууллагын мэдээллийн бодлоготой холбоотой туршлага хуримтлуулжээ. Харин 2019-2020 он болон 2022 оноос хойш МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь сэтгүүлчдийн эрх ашиг, ёс зүйн асуудалд тууштай ажиллаж ирснийг харуулж байна.
Шинэ Ерөнхийлөгчийн өмнө ямар сорилтууд байна вэ?
МСНЭ-ийн дараагийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамааран түүнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч байна. Цахим орчны эрчимтэй хөгжил, хиймэл оюун ухааны нөлөө, сошиал медиагаар түгж буй баталгаагүй мэдээлэл, сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж, хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүйн асуудал зэрэг нь өнөөдрийн Монголын сэтгүүл зүйн өмнө тулгамдаж буй гол сорилтуудын нэг болоод байна.
Түүнчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, залуу сэтгүүлчдийг мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах асуудал ч шинэ удирдлагын анхаарлын төвд байх нь гарцаагүй.
Иймээс XIX Их хурлын төлөөлөгчид зөвхөн нэг хүнийг сонгох бус, Монголын сэтгүүл зүйн байгууллагын ирэх дөрвөн жилийн өнгө төрх, бодлого, чиглэлийг тодорхойлох сонголтыг хийх гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй нийгмийн олон нийтийн анхаарал энэ удаагийн сонгуульд төвлөрч байгаа нь ч учиртай юм.
