АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 80 насны төрсөн өдрөөрөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай тус тус утсаар ярьжээ.
Кремлийн мэдээлснээр, Путин Трамптай нэг цаг орчим хугацаанд утсаар ярилцахдаа төрсөн өдрийн мэнд хүргээд зогсохгүй Орос, Америкийн хоёр талын харилцаа болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.
Ярианы үеэр Трамп Украин дахь дайныг зогсоох шаардлагатайг дахин онцлон тэмдэглэжээ. Кремлийн зөвлөх Юрий Ушаков мөн талууд АНУ-ын тусгай элч нар болох Стив Виткофф, Жаред Кушнер нарыг ойрын хугацаанд дахин ОХУ-д айлчлуулахаар тохиролцсон талаар мэдэгдсэн байна.
Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москвад ирж уулзахыг хүсвэл бэлэн болохоо илэрхийлсэн ч Зеленский ийм саналыг өмнө нь хэдэнтээ няцааж байв.
Кремль "Трамп АНУ болон Ираны хооронд явагдаж буй хэлэлцээ эцсийн шатандаа орж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрч магадгүй байгааг Путинд дуулгасан" гэж мэдээлжээ.
Үүний дараа Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мөн утсаар ярьсан байна. Зеленский энэ талаар мэдэгдэхдээ Трампад төрсөн өдрийн мэнд хүргээд, энх тайван болон бусад олон чухал асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцсан гэжээ.
Тэрбээр "Бид олон чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд энхийн асуудал мэдээж тэдгээрийн нэг байсан" хэмээн онцолсон байна. Мөн хоёр удирдагч Франц улсад энэ долоо хоногт болж буй "Их долоогийн бүлэг (G7)-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзаж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Ийнхүү Трамп төрсөн өдрөөрөө дэлхийн хоёр томоохон мөргөлдөөн, олон улсын аюулгүй байдлын асуудалд голлон оролцож буй Путин, Зеленский нартай дараалан ярилцсан нь Украин дахь дайн болон Ирантай холбоотой асуудлаарх дипломат хүчин чармайлт идэвхжиж буйг харуулсан байна.
Эх сурвалж: CNN