Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Польш улсын төрийн хамгийн дээд шагнал болох Цагаан бүргэдийн одон (Order of the White Eagle)-г Польшийн Ерөнхийлөгчид буцаан илгээжээ. Энэ нь Дэлхийн II дайны үеийн түүхэн асуудлаас үүдэлтэй улс төрийн маргаан дахин хурцадсаны дараа болсон үйл явдал аж.
Зеленский өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ уг шагналыг зөвхөн өөрт нь бус, "Украины ард түмэн болон манай армид зориулагдсан шагнал" гэж үздэгээ онцолжээ.
Тэр "Өнөөдөр би энэ одонг Польшийн Ерөнхийлөгчид буцаан илгээлээ. Ирээдүйд украинчууд ямар хүндэтгэл хүртэх ёстойг түүх өөрөө нотлон харуулна гэдэгт итгэж байна" хэмээн бичсэн байна.
Түүний нийтэлсэн зургуудын дунд Цагаан бүргэдийн одон болон Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээхээр шуудангаар бүртгүүлсэн баримтын зураг багтжээ.
Шагналыг хураах шийдвэрийн шалтгаан
Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий Зеленскийгээс уг шагналыг хураах шийдвэр гаргасан байна. Үүний шалтгаан нь Зеленский Украины тусгай ажиллагааны хүчний нэг ангийг Украины босогчдын арми (UPA)-ийн нэрэмжит болгосон явдал байжээ.
UPA нь 1940-1950-иад онд үйл ажиллагаа явуулж байсан үндсэрхэг зэвсэгт байгууллага бөгөөд Польшийн талын үзэж байгаагаар, Дэлхийн II дайны үеэр олон арван мянган польш иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагддаг аж.
Польшийн Ерөнхийлөгч Навроцкий "Польшийн нийгмийн олонхын хувьд Украины босогчдын арми бол Дэлхийн II дайны үед Польшийн Бүгд Найрамдах Улсын иргэдийн эсрэг харгис гэмт хэрэг үйлдсэн байгууллага хэвээр байна" гэж мэдэгджээ.

Зеленский яагаад энэ ангийг UPA-ийн нэрэмжит болгосон бэ?
Зеленский 2026 оны тавдугаар сарын 26-нд гаргасан зарлигаараа Украины тусгай ажиллагааны хүчний нэг ангид UPA-ийн нэрийг өгсөн аж. Түүний тайлбарласнаар, энэ нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулсан цэргийн уламжлалыг сэргээх зорилготой байжээ.
Украины талаас UPA-г нацист Герман болон Зөвлөлтийн хүчний эсрэг Украины тусгаар тогтнолын төлөө тэмцсэн хөдөлгөөн гэж үздэг. Харин Польш улс тус байгууллагыг Волынь болон Зүүн Галицийн нутагт польш иргэдийн эсрэг үй олноор нь хядлага үйлдсэн гэж буруутгадаг бөгөөд 2016 онд Польшийн парламент эдгээр үйлдлийг "геноцид" гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Польш дахь шүүмжлэл ба улс төрийн нөхцөл байдал
Зеленскийн шийдвэр Польшид маш их шүүмжлэл дагуулжээ. Польш улс Оросын түрэмгийллийн эхнээс хойш сая сая украин дүрвэгчийг хүлээн авч, Киевийн хамгийн том дэмжигчдийн нэг байсаар ирсэн.
Гэвч үндсэрхэг үзэлтэй улстөрч гэгддэг Ерөнхийлөгч Навроцкий сонгуулийн дэмжлэг авахын тулд Украинтай холбоотой сөрөг хандлагыг ашиглаж ирсэн гэж ажиглагчид үздэг.
Сүүлийн жилүүдэд Польш дахь украин иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдэх хандлагатай байгаа ч тэд тус улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа аж.
Навроцкий шагналыг хураасан ч энэ нь Польш улсын Украинд үзүүлж буй дэмжлэг буурна гэсэн үг биш болохыг онцолсон байна.
Украины хариу үйлдэл
Зеленский Польшийн дэмжлэгт талархаж байгаагаа дахин илэрхийлээд, "Хоёр улсын хоорондын түүхэн маргааныг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхэд үргэлж нээлттэй байх болно" гэжээ. Тэр "Би ард түмнээрээ, мөн Украин эх орноо хамгаалан тэмцэж буй дайчин бүрээрээ бахархдаг" гэж бичсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирило Буданов Польшийн шийдвэрийг "Украины ард түмэнд чиглэсэн найрсаг бус алхам" хэмээн тодорхойлж, "Энэ нь Москвагийн ашиг сонирхолд нийцсэн бэлэг болсон" гэж мэдэгджээ.
Үүний дараа Буданов болон Украины өөр гурван өндөр албан тушаалтан Польшоос өмнө нь хүртэж байсан төрийн шагналуудаа мөн буцаахаар болсон байна.
Украины дотоодод ч шүүмжлэл гарчээ
Зеленскийн алхмыг украинчууд дэмжээгүй байна. Украины Ерөнхий сайд асан Арсений Яценюк "Польшийн одоогийн Ерөнхийлөгчийн нэг буруу бөгөөд хор хөнөөлтэй шийдвэрийг бид өөр нэг буруу шийдвэрээр засаж болохгүй" хэмээн X платформд бичжээ.
Харилцаагаа хэвийн байлгахыг уриалав
Ирэх долоо хоногт Польш улс Украины дайны дараах сэргээн босголтын асуудлаарх томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, Зеленский ч оролцох бололтой.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Ерөнхийлөгч Навроцкийн улс төрийн өрсөлдөгч бөгөөд тэрээр хоёр талд хандан "Сэтгэл хөдлөлөө намжааж, хурцадмал байдлыг улам бүү өдөө" гэж уриалжээ.
Мөн тэрбээр "Жинхэнэ фронтын шугам өөр газар бий. Польш, Украины хоорондын энэ маргаан Путинд баярлуулж, манай холбоотнуудыг цочирдуулж байна" гэж онцолсон байна.
Түүхэн шарх бүрэн эдгээгүй хэвээр
Сүүлийн жилүүдэд Польш, Украин хоёр улс Волынийн хядлагын хохирогчдын шарилыг эрэн хайх, ухаж гаргах асуудлаар тодорхой ахиц гаргаж байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Варшав хотод болсон хоёр улсын Ерөнхийлөгчдийн уулзалт түүхэн эвлэрлийн чиглэлд нааштай дохио өгч байсан юм.
Гэвч UPA-тай холбоотой асуудал нь өнөөдөр ч хоёр улсын харилцаанд хамгийн эмзэг, шийдвэрлэгдээгүй сэдвүүдийн нэг хэвээр байгааг энэхүү шинэ маргаан дахин харуулжээ.
Эх сурвалж: CNN