ОХУ-ын зэвсэгт хүчин зургадугаар сарын 19-ний баасан гарагт шилжих шөнө Украинд ээлжит цохилтуудаа үргэлжлүүлэн өгчээ.

Сумы мужийн Дубовязовка суурингийн нутаг дэвсгэрт пуужингийн цохилтын улмаас 78 настай эмэгтэй амиа алдаж, 63 настай өөр нэг эмэгтэй шархадсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

Мөн Белополье орчимд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн (дрон) халдлагын улмаас 19 настай эмэгтэй гэмтжээ. Үүнээс өмнө Сумы хотын ойролцоо удирдлагатай агаарын бөмбөгийн цохилтоор 64 настай эрэгтэй амь үрэгдсэн талаар мэдээлсэн байна.

Днепропетровск мужийн Павлоград хотод Оросын цохилтын улмаас 8 настай охин амиа алджээ. Мөн хоёр хүн шархадсан бөгөөд хоёр хувийн орон сууц галд өртөж, нэг нь бүрэн сүйдсэн байна.

Днепропетровск мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжагийн мэдээлснээр, Оросын тал тус мужийн гурван дүүрэгт их буу болон дроноор халдлага үйлджээ. Үүний улмаас орон сууцны барилгууд, нэг аж ахуйн нэгж, спортын сургууль болон шуудангийн салбар гэмтсэн байна.

Харьков, Херсон хотуудад халдлага үргэлжилсээр

Харьков хотын Холодногорский дүүрэгт Оросын арми удирдлагатай агаарын бөмбөгөөр (КАБ) цохилт өгсний улмаас есөн хүн шархадсанаас дөрөв нь хүүхэд байжээ.

Мөн 40 гаруй хувийн байшин, агуулахын барилга эвдэрсэн тухай хотын дарга Игорь Терехов мэдэгдсэн байна. Харин Украины Онцгой байдлын алба нийт 10 хүн гэмтсэн гэж мэдээлжээ.

Херсон хотод Оросын довтолгоонд нийтийн тээврийн микроавтобус өртөж, дор хаяж таван хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Түүнчлэн Оросын цэргүүд Хар тэнгисийн бүсэд Панам, Сент-Китс ба Невис улсын далбаатай иргэний усан онгоцуудыг онилон халдсан гэж мэдээлжээ.

Одесса мужийн Цэргийн захиргааны дарга Олег Киперийн хэлснээр, нэг усан онгоцонд болсон халдлагын улмаас багийн нэг гишүүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Харин өөр нэг усан онгоцон дээр багийн гурван гишүүн гэмтжээ.

Эх сурвалж: DW