Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ ойрын саруудад дахин түүхэн дээд түвшинд хүрч болзошгүй ажээ. Энэ талаар ОХУ-ын "Альфа-Капитал" хөрөнгө оруулалтын компанийн багцын менежер Дмитрий Скрябин "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Түүний хэлснээр, алтны үнийн цаашдын хөдөлгөөнд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого, инфляцын хүлээлт болон дэлхийн геополитикийн нөхцөл байдал хамгийн том нөлөө үзүүлэх аж.

Оны эхээр алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрч, нэг трой унц нь 5626.8 ам.доллар болсон. Харин одоогийн байдлаар алтны үнэ унц тутамдаа 4300-4350 ам.долларын орчимд хэлбэлзэж буй бөгөөд зөвхөн энэ долоо хоногийн эхнээс л гэхэд 2.6 хувиар өсөөд байна.

Скрябины үзэж буйгаар, алтны үнэ шинэ дээд амжилт тогтоох эсэх нь АНУ-ын төв банкны бодлогоос ихээхэн шалтгаалах аж. Ялангуяа Холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүн Кевин Уоршийн удирдлага дор гаргах анхны шийдвэрүүдийг зах зээл анхааралтай ажиглаж буй юм.

Хэрэв бодлогын хүү буурах дохио гарвал алтны үнэ өсөхөд түлхэц болох бол, эсрэгээрээ хатуу бодлого үргэлжилвэл өсөлт саарах магадлалтай аж.

Мөн Ирантай холбоотой геополитикийн нөхцөл байдал алтны зах зээлийн гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Дэлхий дахинд тодорхойгүй байдал, мөргөлдөөний эрсдэл нэмэгдэх үед хөрөнгө оруулагчид алт зэрэг “аюулгүй хөрөнгө” рүү шилжих хандлагатай байдаг.

Шинжээчид "Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал намжиж, тогтвортой байдал бий болвол алтны үнэ харьцангуй тогтворжих боломжтой" гэж үзэж байна.

Дэлхийн алтны зөвлөл ямар таамаг дэвшүүлэв?

Дэлхийн алтны зөвлөл (World Gold Council)-ын тайланд дурдсанаар, алтны үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь:

-АНУ-ын долларын ханшийн сулрал,
-Төв банкуудын алтны худалдан авалт,
-Геополитикийн эрсдэлийн өсөлт,
-Хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдэж буй явдал аж.

Тус байгууллагын тооцоолсноор, өнөөгийн нөхцөл байдал хэвээр үргэлжилвэл алтны үнэ ойрын хугацаанд тогтвортой хадгалагдах, эсвэл 0-5 хувиар өсөх боломжтой юм байна. Харин дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, геополитикийн эрсдэл даамжирвал алтны үнэ илүү өндөр түвшинд хүрэх магадлалтай гэж үзжээ.

Санхүүгийн зах зээлийн шинжээчдийн дүгнэж буйгаар, алт нь инфляц, эдийн засгийн савлагаа, геополитикийн эрсдэлээс хамгаалах хамгийн түгээмэл хэрэгслийн нэг хэвээр буй бөгөөд ойрын саруудад хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх төлөвтэй байна. 

Дэлхийн алтны зөвлөлийн судалгаагаар, ирэх нэг жилд алт худалдан авах боломжит худалдан авагчдын дийлэнхийг хөгжиж буй орнуудын төв банкнууд бүрдүүлэхээр байгаа аж. Судалгаанд оролцсон хөгжиж буй орнуудын төв банкуудын 53 хувь нь алтны нөөцөө нэмэгдүүлнэ гэж хариулжээ.

Эх сурвалж: WSJ, REUTERS, WGC