“Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд өчигдөр буюу 2026 оны зургадугаар сарын 17‑ны өглөөний 09.00 цагаас эхлэн Оюу толгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан. Энэ талаар AP агентлаг мэдээлснийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.
Эсэргүүцэгчид лхагва гарагт Монгол дахь "Рио Тинто"-гийн асар том зэсийн уурхайгаас хийх зэсийн экспортыг хааж, Хятадын сэргээгдэх эрчим хүчний зорилтод чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийг хэсэгчлэн тасалдуулжээ.
“Эрс шинэчлэлийн хөдөлгөөн” гэж нэрлэгддэг эсэргүүцлийн бүлэг уул уурхайн орлогоос монголчууд илүү их хувь хүртэхийг шаардаж байна. Энэ нь байгалийн баялаг ихтэй ч ашигт малтмалын олборлолтоос олсон үр өгөөжийн хуваарилалт, ядуурлын асуудал байсаар ирсэн Монгол Улсад олон жил үргэлжилж буй шаардлага юм.
Зэс нь цахилгаан автомашин, нар болон салхины эрчим хүчний байгууламжид зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээр салбарт Хятад улс дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм.
Энэхүү эсэргүүцэл нь асуудалд анхаарал хандуулах зорилготой нэг өдрийн арга хэмжээ байсан уу, эсвэл хоёр улсын эдийн засагт илүү гүнзгий нөлөө үзүүлж болох удаан үргэлжлэх сөргөлдөөний эхлэл үү гэдэг нь тодорхойгүй байна.
"Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ий фэйсбүүктээ нийтэлсэн бичлэгүүдэд цөөн тооны эсэргүүцэгчид нарлаг өдөр, эзгүй зэлүүд газар дундуур өнгөрөх хоёр эгнээтэй зам дээр босгосон хаалтын орчимд зогсож буй нь харагдана. Дугуйгаар хийсэн хаалтын өмнө зам дээр хөндлөн тавьсан том модны мөчир дээр “Рио Тинтог зогсоо” гэсэн улаан үсэгтэй цагаан лоозон өлгөсөн байв.
"Оюу Толгой" уурхай нь говийн гүнд орших асар их хэмжээний зэсийн нөөцийг ашиглах зорилготой томоохон төсөл юм.
"Рио Тинто" компани "Хятадын хилээс хойд зүгт ойролцоогоор 80 километрийн зайд байрладаг тус уурхай их хэмжээний алтны нөөцтэй. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно" гэж мэдэгдэж буй.

Британи-Австралийн уул уурхайн аварга компани тус уурхайн 66 хувийг эзэмшдэг бол Монголын Засгийн газар үлдсэн 34 хувийг эзэмшдэг.
Хамтарсан эзэмшлийн уул уурхайн компаниас мэдээлснээр, лхагва гаргийн өглөө зам хаасны дараа зэсийн баяжмалын тээвэрлэлт зогсжээ.
Оюу Толгойн уурхай Монгол Улсын татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлдэг. Хэрэв замын хаалт нэг долоо хоног үргэлжилвэл Засгийн газар 35 тэрбум төгрөг (ойролцоогоор 13.3 сая ам.доллар)-ын орлого алдах эрсдэлтэйг анхааруулжээ.
Засгийн газрын фэйсбүүк хуудаст мэдээлснээр, Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Учрал Ням-Осор хууль зөрчиж, хуулийн дагуу явагдаж буй бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох, хууль хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон байна.
"Эрс шинэчлэл хөдөлгөөн" гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөхийг уриалсан байна. Харин бусад зарим хүмүүс ийм туйлширсан байр суурь илэрхийлээгүй ч Засгийн газрын хүрээнд "Рио Тинто"-той байгуулсан гэрээг дахин хэлэлцэж, Монгол Улс төслөөс хүртэх өгөөжийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр байна.
Эх сурвалж: AP