НЭМЭЛТ: 10.00 цаг
Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй 3 төгрөг тутмын 1 нь уул уурхайн салбараас орж ирж байна.
Оюу толгой үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлж байна.
"Оюу толгой" компани уриалга гаргав
"Оюу толгой" компаниас уриалга гаргав. Түүнд "Өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 17‑ны өглөөний 09.00 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна.
Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна.
“Оюу толгой” компани Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.
“Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилж ирсэн.
Одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна" гэжээ.