АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их долоогийн бүлгийн (G7) орнуудын удирдагчдын Францын Эвиан-ле-Бен хотод болсон уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг илтэд үл тоомсорлож, түүнтэй мэндлэх ч оролдлого хийгээгүй талаар Швейцарын "Schweiz heute" мэдээллийн портал мэдээлжээ.

Тус эх сурвалжийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ Ирантай хэлэлцээр байгуулсны дараа Орос, Украины хооронд харилцаа холбоо тогтоох боломж бүрдэнэ гэж найдан, Зеленскийг "Их-7"-гийн дээд хэмжээний уулзалтад урьсан байна. Макрон мягмар гаргийн өглөө Зеленскийг дагуулан "Их-7"-гийн удирдагчдын хуралдаанд оролцуулжээ.

Порталын онцолсноор, хуралдааны танхим дахь уур амьсгал тайван, найрсаг байсан аж. Гэвч оролцогчдын дундаас зөвхөн хоёр хүн л харилцан ойлголцож чадаагүй байна. "Schweiz heute"-гийн бичсэнээр, Трамп Зеленскийтэй мэндлэх ямар ч оролдлого хийгээгүй. Түүний Украины Ерөнхийлөгчид хандсан хүйтэн, зай барьсан хандлага нь хэнд ч анзаарагдахгүй өнгөрөхөөргүй байжээ.

Түүнчлэн, дугуй ширээний ард Макрон Трампыг өөрийн баруун талд, Зеленскийг зүүн талд суулгасан ч энэ удаад Францын Ерөнхийлөгчийн дипломат арга барилын бүх нөөц шавхагдсан мэт харагдсан хэмээн портал нэмж тэмдэглэсэн байна.

"Их 7"-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Альпийн нурууны амралтын бүс болох Эвиан-ле-Бенд болж буй.

"Politico" хэвлэлийн мэдээлснээр, Макрон Трампын тааллыг олох, мөн түүнийг уулзалтыг хугацаанаас нь өмнө орхин явахаас сэргийлэх арга замуудыг эрэлхийлж байгаа аж. Энэ хүрээнд тэрбээр дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Трампын хүндэтгэлд зориулан Версалийн ордонд ёслолын хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: TASS