Их Британи, Герман, АНУ, Франц, Итали, Япон, Канад улсаас бүрддэг “Их долоо” (G7)-гийн удирдагчид Францын Эвиан-ле-Бен хотноо болсон дээд хэмжээний уулзалтынхаа үеэр ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбарт чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцжээ. Энэ талаар G7-ийн удирдагчдын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Тус мэдэгдэлд “Бид Оросын цэргийн эдийн засагт үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлэх үүрэг хүлээж байна. Энэ хүрээнд газрын тос, байгалийн хийн салбарыг хамарсан нэмэлт хориг арга хэмжээг хэрэгжүүлэх болно” хэмээн онцолжээ.
Мөн шинэ хориг арга хэмжээ авахад “таатай нөхцөл бүрдсэн” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай Ормузын хоолойг нээлттэй байлгах талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд дэлхийн газрын тос, байгалийн хийн томоохон урсгал тус хоолойгоор дамжин өнгөрдөг юм.
Украинд илүү их зэвсэг нийлүүлнэ
G7-ийн орнууд Украин улсын эрх чөлөө, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотоллоо.
Хамтарсан мэдэгдэлд “Бид чухал дэд бүтэц болон соёлын өвд учирч буй халдлагын улмаас хохирол амсаж буй Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Мөн Украины ард иргэдийн тэсвэр хатуужил, сүүлийн саруудад байлдааны талбарт гаргасан ахиц амжилтыг өндрөөр үнэлж байна” хэмээн дурджээ.
Энэхүү эерэг өөрчлөлт, шинэ нөхцөл байдлыг дэмжих зорилгоор G7-ийн удирдагчид Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин сөнөөгч төхөөрөмж, алсын тусгалтай болон бусад төрлийн зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн Украины нутаг дэвсгэр дээр батлан хамгаалах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судлан хэлэлцэхээ мэдэгджээ.
Үүнээс гадна G7-ийн орнууд "Украины эрчим хүчний салбарт үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлж, ирэх өвлийн улирлыг хүндрэл багатай даван туулахад нь туслахаа илэрхийлсэн байна.