Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр /2026.06.17/ үргэлжилж байна. Тус хуралдааныг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өмнө нь товлосон хугацаанаас өөрчилж, зургадугаар сарын 17, 22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. НИТХ-ын Зөвлөлийн хурлаар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /I хэлэлцүүлэг/
- Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /I хэлэлцүүлэг/
- Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
- “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
- “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлууд багтжээ.
Харин зургадугаар сарын 22-нд болох хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг II хэлэлцүүлгээр хэлэлцэхээр төлөвлөжээ. НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн төсөв, газар зохион байгуулалт, бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх аж.