АНУ-ын Батлан хамгаалах яам Украин улсын бүс нутгуудад биологийн лабораториудын зураг төсөл боловсруулах, барих болон тоног төхөөрөмжөөр хангах ажилд нийт 11 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ талаар ТАСС агентлаг АНУ-ын Үндэсний тагнуулын нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичгүүдэд үндэслэн мэдээлжээ.

Эдгээр мэдээллээс үзвэл, төслийн гол гүйцэтгэгчээр Америкийн "Black & Veatch" компани ажилласан байна. Төсөвт тусгагдсанаар, Украин улсын Тахлын эсрэг  шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Төв лавлагаа лабораторийн нийт өртөг ойролцоогоор 3.49 сая ам.доллар болсноос 2 сая гаруй ам.долларыг лабораторийн тоног төхөөрөмжид зарцуулжээ.

Мөн Закарпатье муж дахь оношлогооны тоног төхөөрөмжид 1.92 сая ам.доллароос давсан хөрөнгө, Хар тэнгисийн бүсийн Херсон хотын оношлогооны лабораторид ойролцоогоор 1.72 сая ам.доллар, харин Херсон мужийн лабораторийн төвд 2.1 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэхүү санхүүжилт нь техникийн тусламжийн хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжжээ. Санхүүжүүлэгч нь АНУ-ын Батлан хамгаалах яам, харин үр шимийг хүртэгч нь Украины Эрүүл мэндийн яам байсан гэж баримтад дурдсан аж.

Эх сурвалж: TASS