Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, улс орны эдийн засгийн гол тулгуур болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулан өргөмжлөл гардуулах ёслол болов. 

Уг жагсаалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсэг хуулиар баталгаажсан албан ёсны тоо баримтад үндэслэн, нээлттэй шалгуураар гаргасан байна.

Энэ удаагийн шинэчлэлээр ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс гадна тэдгээртэй өрсөлдөхүйц дараагийн 200 компанийн мэдээллийг нэмж оруулан, хамрах хүрээг өргөжүүлснээрээ онцлог болжээ.

Баялаг бүтээгчдийн улс орны эдийн засагт оруулсан хувь нэмэр, гол үзүүлэлтүүд тогтвортой өсөлт үзүүлж, үндэсний эдийн засгийн чадавх бэхжиж байгааг илтгэв. ТОП-100 компанийн нийт борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 73 хувийг дангаар эзэлж байгаа аж.

Мөн тэдгээрийн улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ өмнөх оноос 5 хувиар өсөж, 8 их наяд төгрөгт хүрсэн нь улсын татварын нийт орлогын 30 хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм. Нийгмийн хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 85 мянган хүнийг баталгаат ажлын байраар хангаж байгаа нь улсын хэмжээний нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлжээ.

Бизнесийн хэлбэрээр нь авч үзвэл тус жагсаалтад нийт 86 хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 14 хувьцаат компани (ХК) багтсан бөгөөд байршлын хувьд 67 аж ахуйн нэгж нь Улаанбаатар хотод, 19 нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй юм байна.

Салбарын бүтцээр авч үзвэл уул уурхай, олборлолт, худалдаа, санхүү даатгал, боловсруулах үйлдвэрлэл болон мэдээлэл холбооны салбарын компаниуд жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд ерөнхий эрэмбээр Оюутолгой ХХК, Монголын Алт МАК ХХК, ХААН Банк ХК, Энержи Ресурс ХХК, Голомт Банк ХК-ууд эхний байруудад шалгарчээ.

Арга хэмжээнд оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал хувийн хэвшлийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийж байгаагаа тэмдэглэсэн аж.

Тэрбээр УИХ-д өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон түүнийг дагалдуулан 99 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтыг цөөлж, төрийн оролцоог хязгаарлах бодлого баримталж байгаагаа дурдсан байна. Түүнчлэн олон жилийн турш шинэчлэгдээгүй байсан татварын тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийж, ил тод, дарамтгүй, дэмжлэгт суурилсан ухаалаг систем рүү шилжихээ илэрхийлжээ.

Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, ТОП-100 компаниуд нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд онцгой үүрэгтэйг онцлоод, танхимаас бизнес эрхлэх хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Ийнхүү улсын нийт татварын орлогын 30 хувь, ДНБ-ий 73 хувийг дангаар бүрдүүлж буй ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн бие даасан байдлын гол тулгуур, хөдөлгөгч хүч болохоо дахин нотолжээ.