Украин улс Европын холбоо (ЕХ)-нд элсэх үйл явцдаа дахин нэг чухал алхам хийжээ. Хоёр жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сард Люксембург хотноо ЕХ-д элсэх албан ёсны хэлэлцээгээ эхлүүлж байсан бол энэ удаа 2026 оны зургадугаар сарын 15-нд анхны хэлэлцээний бүлгийг нээснээр үйл явц бодит хэрэгжилтийн шатанд шилжсэн байна.

Тухайн үед Украинтай хийх элсэлтийн хэлэлцээг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газар удаан хугацаанд саатуулж байсан ч Украин улс энэ хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хийжээ.

Энэ удаагийн арга хэмжээ өмнөхөөсөө илүү даруухан уур амьсгалтай болсон байна. Учир нь, олон улсын анхаарал Францад болсон G7-ийн дээд хэмжээний уулзалт болон Оросын Украинд хийсэн ээлжит томоохон довтолгоонд төвлөрчээ. Гэвч арга хэмжээний ач холбогдол огтхон ч буураагүй аж.

Украины төлөөлөгчид, Европын Комисс болон ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Киприйн төлөөлөгчид хэвлэлийн танхимд орж ирэхэд тэнд байсан сэтгүүлчид алга ташин угтаж, “Украин бол Европ” хэмээн уухайлан дэмжсэн байна.

Элсэлтийн хэлэлцээ бодит агуулгадаа шилжив

Албан ёсоор “Украин-ЕХ-ны Засгийн газар хоорондын хоёрдугаар бага хурал” хэмээн нэрлэгдсэн энэхүү уулзалт улс төрийн шийдвэрээс бодит хэлэлцээний шатанд шилжиж буйг илэрхийлжээ. Энэ үеэр “Суурь үндэс” (Fundamentals) хэмээх анхны хэлэлцээний бүлгийг нээжээ.

Тус бүлэг хууль дээдлэх зарчим, хүний үндсэн эрх, ардчилсан институцийн үйл ажиллагаа, төрийн удирдлагын шинэчлэл, эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүд зэрэг ЕХ-ны гишүүн болох үндсэн шаардлагуудыг хамардаг аж.

ЕХ-ны аргачлалаар энэхүү бүлгийг хамгийн түрүүнд нээж, хамгийн сүүлд хаадаг бөгөөд энэ чиглэл дэх ахиц дэвшил нь нийт хэлэлцээний хурдыг тодорхойлох юм байна. Мөн ЕХ энэ үеэр Украинд дараагийн шатны хэлэлцээнд шилжихийн тулд биелүүлэх завсрын шалгуур үзүүлэлтүүдийг албан ёсоор танилцуулжээ.

“Бид тэгээс эхлээгүй”

Вице-премьер Украины по вопросам европейской интеграции Тарас Качка и замминистра Кипра по европейским делам Марилена Рауна в Люксембурге, 15 июня

Украины Европын интеграцийн асуудал эрхэлсэн Шадар сайд Тарас Качка “Энэхүү бага хурал биднийг Европын Холбоонд элсэх хэлэлцээний бодит, төгсгөлийн шатанд шилжүүлж байна” хэмээн мэдэгджээ.

Түүний хэлснээр, Украин улс энэ хүртэл ЕХ-ны хууль тогтоомжтой нийцүүлэх өргөн хүрээний үнэлгээ, шалгалтыг амжилттай давсан бөгөөд одоо жинхэнэ хэрэгжилтийн шат эхэлж байгаа аж.

Тэрбээр өнөөгийн нөхцөл байдлыг сургуулийн ахлах ангид дэвшин орсонтой зүйрлэж, их сургуульд элсэхээс өмнөх хамгийн чухал үе шат гэж тодорхойлжээ.

Хамгийн хүнд сорилт одоо эхэлж байна

Брюссель "Анхны бүлгийг нээсэн нь замын хагасыг туулсан гэсэн үг биш, харин ч хамгийн хүнд сорилт одоо эхэлж байна" гэж үзсэн байна.

ЕХ зөвхөн хууль тогтоомжийг өөрчлөх бус, төрийн байгууллагууд бодитоор хэрхэн ажиллаж байгааг үнэлэх аж. Үүний хамгийн чухал хэсэг нь авлигатай тэмцэх асуудал юм байна.

Сүүлийн жилүүдэд Украинд хэд хэдэн томоохон авлигын хэрэг илэрч, 2025 онд Авлигатай тэмцэх үндэсний товчоо (НАБУ) болон Авлигын эсрэг тусгай прокурорын газрын хараат бус байдалд эргэлзээ үүсгэсэн улс төрийн хямрал хүртэл гарч байжээ.

Гэвч ЕХ эдгээр үйл явцыг шинэ институцуудын бие даасан байдлыг шалгаж буй сорилт гэж үзэж байгаа бөгөөд авлигатай тэмцэх ажлыг цаашид ч элсэлтийн хамгийн чухал шалгуурын нэг хэвээр үлдээхээ мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх тогтолцоо ажиллаж эхэлсэн гэж Киев үзэж байна

Авлигын асуудлаар асуухад Тарас Качка “Бид зөвхөн дуулиан шуугиант хэргүүдийг харах ёсгүй. Харин авлигатай тэмцэх байгууллагуудын өдөр тутмын бодит ажиллагааг харах хэрэгтэй” гэжээ.

Түүний үзэж байгаагаар, Украинд улс төрийн соёл маш хурдтай өөрчлөгдөж буй бөгөөд өмнө нь авлигатай тэмцэх хууль баталж байсан парламентын гишүүд хүртэл өнөөдөр шинэ тогтолцооны хяналт шалгалтад өртөж эхэлсэн байна.

Тэр “Олон хүний хувьд энэ нь хэцүү, бүр цочирдом санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол Украины ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт” гэж онцолжээ.

ЕХ: Украин үүнийг хүртэх эрхтэй

Еврокомиссар по вопросам расширения Марта Кос в Люксембурге, 15 июня

Европын Комиссын өргөтгөлийн асуудал хариуцсан комиссар Мартаа Кос энэхүү шийдвэр нь улс төрийн дэмжлэг үзүүлсэн бэлгэдлийн алхам биш болохыг онцолсон байна.

Тэрбээр “Өнөөдөр Европ Украинд өгсөн амлалтаа биелүүлж байна. Бид ямар нэгэн онцгой хөнгөлөлт үзүүлээгүй. Украин үүнийг өөрийн хүчин чармайлтаар хүртсэн” гэж мэдэгджээ. Мөн тэр “Өөрийн нутаг дэвсгэр дээр Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж байхдаа ЕХ-д элсэх үйл явцдаа ийм хэмжээний ахиц гаргасан улс өмнө нь байгаагүй” хэмээн онцолсон аж.

Дараагийн шат юу вэ?

Европын Комисс ойрын хугацаанд үлдсэн таван хэлэлцээний бүлгийг нээхээр ажиллаж байгаа аж. Үүний дараа Украин бүлэг тус бүрийн шаардлагыг биелүүлж, хаалтын шалгуурыг хангах ёстой юм байна.

Украины Засгийн газар 2027 оны эцэс гэхэд шаардлагатай хууль эрх зүйн шинэчлэлийн ихэнхийг хэрэгжүүлж дуусгах зорилт тавьжээ. Гэвч бодит нөхцөл байдал дээр зарим шаардлагыг биелүүлэхэд хэдэн сар, зарим тохиолдолд хэдэн жил шаардагдаж болзошгүй аж.

Украин улс хууль дээдлэх зарчим, ардчилсан институцийн шинэчлэл, төрийн удирдлагын өөрчлөлт, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр нарийвчилсан замын зураг хүлээн авчээ.

Вторая Межправительственная конференция Украина-ЕС в Люксембурге, 15 июня 2026 года

Украин хэзээ ЕХ-ны гишүүн болох вэ?

Одоогийн байдлаар Брюссель Украин улс ЕХ-нд яг хэдийд элсэхийг хэлэхээс зайлсхийж байгаа аж. Европын холбооны байр суурь тодорхой бөгөөд гишүүнчлэл нь хугацааны хуваариар бус, шаардлагыг хэрхэн биелүүлснээр шийдэгдэнэ гэж үздэг байна.

Мөн техникийн бүх хэлэлцээ дууссан ч Украиныг ЕХ-нд элсүүлэх эцсийн шийдвэрийг холбооны бүх гишүүн орон санал нэгтэйгээр дэмжих шаардлагатай аж.

Ийнхүү Люксембургт болсон энэхүү уулзалт нь Украины Европын Холбоонд элсэх урт замналын шинэ хуудсыг нээж, тус улсын ирээдүй Европын интеграцитай улам бүр нягт холбогдож байгааг харуулсан чухал үйл явдал болжээ.

Эх сурвалж: DW