Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Франц улсад зургадугаар сарын 15-наас 17-нд болж буй G7 буюу “Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах санал тавьсан боловч Оросын тал яриа хэлэлцээ хийхэд бэлэн бус байгааг мэдэгджээ.
Зеленский зургадугаар сарын 15-нд Киев-Печерскийн Лаврт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ тухай ярьсан байна. Тус хийдийн цогцолбор нь Оросын довтолгооны үеэр гэмтэж, хохирол амссан аж.
Тэрбээр “Бид Путинтэй G7-ийн уулзалтын үеэр уулзахад бэлэн байгаагаа уламжилсан. Учир нь, тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европ, Америкийн удирдагчид оролцож байсан. Бүгдээрээ нэг дор уулзаж ярилцах нь маш сайн боломж гэж би үзэж байна” хэмээн мэдэгджээ.
Мөн Зеленский “Европ болон АНУ энэ санааг дэмжсэн. Харин Орос улс дахин нэг удаа яриа хэлэлцээ хийхэд бэлэн биш гэдгээ харууллаа” гэж нэмж хэлсэн байна.
Кремльд саналыг хэд хэдэн сувгаар хүргүүлжээ
Украины “РБК-Украина” агентлагийн мэдээлснээр, уулзалтын саналыг Кремльд янз бүрийн сувгаар хүргүүлсэн байна. Үүнд зуучлагчид, дипломат шугам болон тагнуулын байгууллагуудын сувгууд ашиглагджээ.
Гэвч Оросын талаас тодорхой хариу өгөөгүй бөгөөд харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Москва хотод хүрэлцэн ирж болно” гэсэн санал тавьсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Үүний дараа болсон пуужин, дроны довтолгоог Киевийн эрх баригчид уулзалтын саналд өгсөн нэг төрлийн “хариу үйлдэл” байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Киев Оросын цохилтын дараа G7-гоос хатуу байр суурь хүлээж байна
Оросын цэргийн хүчний сүүлийн халдлагын дараах аврах, сэргээн босгох ажиллагаа Киев хотод үргэлжилж байгаа аж.
Зеленскийн мэдээлснээр, зургадугаар сарын 15-нд шилжих шөнө зөвхөн Киев хотын чиглэлд Оросын тал 60 гаруй пуужин харвасан байна. Тэрбээр "Улс даяар нийтдээ 70 пуужин, 611 дрон ашиглан довтолсон" гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар Киев хотод 28 хүн шархадаж, дөрвөн хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа аж.
Мөн довтолгооны улмаас XI зуунд байгуулагдсан түүхэн дурсгал болох Киев-Печерскийн Лаврын Успенийн сүмд гал гарчээ. Энэхүү сүмийг анх 1073 онд байгуулсан түүхтэй юм байна.
Украин илүү их дэмжлэг хүсэв
Зеленский G7-гийн орнуудаас Оросын үйл ажиллагаанд илүү хатуу бөгөөд бодитой хариу арга хэмжээ авахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, Украин улс ОХУ-д үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхээс гадна агаарын довтолгооноос хамгаалах, ялангуяа пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нэмэлт тусламж авах шаардлагатай байгаа аж.
Эх сурвалж: DW