УИХ-ын “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцсэн эсэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр Авлигатай тэмцэх газар (АТГ) болон шинжээчид нийслэлийн томоохон төсөл, хөрөнгө оруулалтын хэрэгжилттэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг танилцуулав.

АТГ-ын төлөөлөгчийн мэдээлснээр, прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх зөвшөөрөл олгоогүй тул тодорхой нэр ус дурдах боломжгүй байгаа аж.

Гэвч Улсын ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-нд байгуулагдсан гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, тендерүүдэд шалгалт явуулж байгаа талаар мэдээлэв.

Шалгалтад 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй Туулын хурдны замын төсөл, 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төслийн тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг багтжээ.

Мөн нийтийн тээврийн зургаа, зам тээврийн дөрөв, барилгын дөрөв, эрчим хүчний тав, усны салбарын таван төсөл буюу нийт 24 төсөл, хөтөлбөрийг шалгаж байгаа бөгөөд эдгээрээс 11 төсөлд санхүүжилт олгоогүй, харин 13 төсөл хэрэгжиж эхэлсэн байгааг нягталж байгаа аж.

Шалгалтын хүрээнд 30 дансны нийт 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг түр хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бол гурван хүнийг цагдан хорьсон байна.

ХОМ-ийн хяналтаар зөрчил илэрчээ

АТГ-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон харьяа байгууллагуудад хийсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын дүнг мөн танилцуулсан.

2024 онд нийслэлийн төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 1725 хүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад 80 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хөрөнгө, орлоготой гэж мэдүүлжээ.

Харин 2025 онд шалгасан 821 нийтийн албан тушаалтнаас 693 нь зөрчилгүй, 98 нь томилогдвол ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй, зургаа нь илт зөрчилтэй гэсэн дүгнэлт авчээ. Мөн энэ онд хянасан 310 албан тушаалтнаас 257 нь зөрчилгүй, 22 хүнд анхааруулга өгч,
гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж үзэн холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

16 мега төслийн нийт өртөг 28.9 их наяд төгрөгт хүрчээ

Сонсголын үеэр шинжээч Д.Данаасүрэн нийслэлийн хэрэгжүүлж буй 16 мега төслийн төсөв, санхүүжилтийн талаар дүгнэлт танилцууллаа. Түүний мэдээлснээр, эдгээр төслийн нийт төсөвт өртөг 8.1 тэрбум ам.доллар буюу 28.9 их наяд төгрөг бөгөөд энэ нь 2025 оны улсын төсвийн 93 хувьтай тэнцэх хэмжээ, орон нутгийн нийт төсвөөс 3.6 дахин их, нийслэлийн жилийн төсвөөс 6.5 дахин өндөр дүн аж.

Нийт төсөвт өртгийн хамгийн том хэсгийг метроны төсөл эзэлж буй. Энэ нь нийт санхүүжилтийн 30 хувийг дангаар бүрдүүлж буй юм байна. Харин Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог зам, Сэлбэ дэд төв, Тавдугаар станц, Туулын хурдны зам зэрэг төслүүд нийлээд нийт төсөвт өртгийн 70 орчим хувийг эзэлж байгаа аж.

Мега төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байна

Нийслэлийн 16 төслийн 10 нь 2025-2027 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн ч төслүүд хэрэгжиж эхэлсэн хугацааныхаа дунд шатанд орсон ч нийт төсөвт өртгийн ердөө тавхан хувийг зарцуулсан байна.

Тухайлбал, дүүжин тээврийн төсөл 26 хувь, Туулын хурдны зам 22 хувь, Баянхошуу дэд төв 22 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол бусад төслүүдийн санхүүжилт, хэрэгжилтийн түвшин хангалтгүй байгаа талаар шинжээч онцоллоо.

Том төслүүдийн эрэмбэ, тайлагнал сул байгааг шүүмжилэв

Нийслэлийн 16 мега төслийг зургаан төрлийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадаад зээл 46 хувь, төр, хувийн хэвшлийн түншлэл 25 хувь, нийслэлийн төсөв 19 хувь, гадаад бонд 8 хувь, буцалтгүй тусламж 2 хувийг тус тус бүрдүүлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, нийт санхүүжилтийн 54 хувь буюу 15.5 их наяд төгрөг нь гадаад зээл, бондын эх үүсвэрээс бүрдэх нь.

Шинжээчид нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх тогтолцоо хангалтгүй, төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн тайлагналыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлдэг байх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.