Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 15-нд шилжих шөнө Киев болон Украины бусад олон хотод ОХУ-аас өгсөн шинэ өргөн хүрээг хамарсан цохилтод хариу арга хэмжээ авахыг “Их долоо” буюу G7-ийн орнуудад уриаллаа.

Францын Эвиан-ле-Бен хотноо эхэлж буй G7-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ дэлхийн аж үйлдвэржсэн тэргүүлэх орнуудын хариу үйлдэл нь “шийдэмгий бөгөөд бодит үр дүнтэй” байх ёстой гэж онцолжээ.

Зеленский мөн ОХУ-д үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж, Украинд үзүүлж буй агаарын довтолгооноос хамгаалах тусламжийг өргөжүүлэхийг хүссэн байна. Тэрбээр ялангуяа баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг шаардлагатай байгааг тэмдэглэж, Украиныг хамгаалахад тусалж буй бүх улс оронд талархал илэрхийлжээ.

ОХУ Украин руу 70 пуужин, 611 дрон харважээ

Зеленскийн мэдээлснээр, өнгөрсөн шөнө зөвхөн Киев хот руу гэхэд 60 гаруй пуужин харвасан байна. Харин улс даяар нийт 70 пуужин, 611 нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсон гэжээ.

Тэр одоогийн байдлаар нийслэл Киев хотод дөрвөн хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан талаар мэдээлсэн байна. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Киев-Печерийн Лаврт учруулсан хохирлыг Зеленский “христийн шашны соёлын эсрэг үйлдэгдсэн Оросын хамгийн том гэмт хэргийн нэг” хэмээн нэрлэжээ.

Олон мужид цохилт өгч, аврагчид амь үрэгдэв

ОХУ-ын довтолгоонд Харьков, Днепропетровск, Донецк, Запорожье, Сумы, Николаев зэрэг мужууд мөн өртсөн байна.

Харьков хотод анхны цохилтын дараах гал түймрийн үр дагаврыг арилгаж байсан аврагчид дахин довтолгоонд өртжээ. Зеленскийн мэдээлснээр таван аврагч амь үрэгдэж, есөн хүн шархадсан байна. Днепр хотод төмөр замын өртөө, коллеж болон аж үйлдвэрийн хэд хэдэн байгууламжийг онилсон цохилт өгсөн аж.

Зеленский “Орос улс дайнаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа дэлхий нийтэд ингэж харуулж байна” хэмээн мэдэгджээ.

Киевт амиа алдагсдын тоо нэмэгджээ

Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр Киев хотод амиа алдсан хүний тоо тав болж өссөн байна. Мөн 34 хүн гэмтсэний дотор хоёр хүүхэд байгаа аж.

Аврагчид Киев-Печерийн Лаврын 800 ам метр талбайг хамарсан гал болон “Уран зургийн арсенал” цогцолборт гарсан 1000 ам метр талбайн галыг унтраажээ.

Гэсэн ч иргэний болон орон сууцны дэд бүтцэд учирсан хохирлыг арилгах ажиллагаа хэд хэдэн байршилд үргэлжилж буй талаар мэдээлсэн байна.

Баллистик пуужин сөнөөх хүчин чадал хүрэлцэхгүй байгааг онцлов

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын мэдээлснээр, энэ удаагийн довтолгоо зургадугаар сарын 2-ны халдлагатай төстэй байсан ч “Калибр” далавчит пуужингийн оронд “Искандер-К” пуужин ашигласан байна.

Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнатын мэдээлснээр, ОХУ-аас харвасан бүх Х-101 болон “Искандер-К” төрлийн далавчит пуужинг устгаж чаджээ.

Мөн харвасан 34 баллистик пуужингаас 15-ыг нь, 611 дроноос 582-ыг нь устгаж, замаас нь гаргасан байна. Түүнчлэн “Циркон” төрлийн таван пуужин сөнөөсөн нь энэ төрлийн зэвсгийн эсрэг хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон гэжээ.

Игнат "Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн хамгийн том хүндрэл нь баллистик пуужинг устгах хүчин чадал хангалтгүй байгаа явдал бөгөөд ийм төрлийн пуужинг үр дүнтэй сөнөөх чадвартай АНУ-ын “Patriot” систем нэн шаардлагатай байна" гэж онцолсон байна.

Харьковт аврах ажиллагааны үеэр дахин цохилт өгчээ

Харьков мужийн прокурорын газрын мэдээлснээр, давтан өгсөн цохилтын улмаас дөрвөн аврагч болон Харьков хотын Онцгой байдлын газрын нэг ажилтан амь үрэгдсэн байна.

Оросын тал эхлээд Холодногорскийн дүүрэгт цохилт өгч, ашиглалтын бус барилгад гал гаргасан аж. Аврагчид газар дээр нь очиж ажиллаж эхэлсний дараа дахин дөрвөн пуужингийн цохилт өгсөн гэж прокурорын байгууллага мэдээлжээ.

Тус байгууллага уг хэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Прокурорын газраас “Энэ нь түргэн тусламж, онцгой байдлын албаныхан ирэхийг хүлээгээд дараа нь дахин цохилт өгдөг түрэмгийлэгч улсын ээлжит харгис тактик болохыг харуулж байна” гэж мэдэгджээ.

Польш улс сөнөөгч онгоцуудаа агаарт хөөргөв

ОХУ-ын энэ удаагийн томоохон довтолгооны үеэр Польш улс агаарын орон зайгаа хамгаалах зорилгоор сөнөөгч онгоцуудаа агаарт хөөргөжээ.

Мөн агаарын довтолгооноос хамгаалах газрын системүүд болон радарын хяналтын нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай Польшийн Зэвсэгт хүчин мэдэгдсэн байна.

Эдгээр арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх шинжтэй бөгөөд ялангуяа Украинтай хил залгаа бүс нутгийн агаарын орон зайг хамгаалахад чиглэж байгаа аж.

Эх сурвалж: DW