Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын дээд шүүхэд ирж, тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад уншиж сонордууллаа.
Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Д.Ганзориг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтод шүүхийн тамгыг гардуулав.
Энэ үеэр шүүгч Д.Ганзориг Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтод баяр хүргэж “Шударга шүүх ардчиллын үнэт зүйлсийн баталгаа болж буй энэ үед шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах үүрэг таны манлайлал дор тууштай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Өнгөрсөн жилүүдэд шүүхийн эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлүүд хийгдсэн нь хөгжлийн дараагийн шатны суурь тавигдсан. Шүүхийн индекс тэр тусмаа бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдсэн. Шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, шүүхийн хүртээмж, хүний нөөц, эдийн засгийн баталгаа, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилт цаашид шүүхийн хөгжилд өндөр ач холбогдолтой байх болно.
Монгол Улсын шүүхийн ололт, амжилтыг бататгаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон бусад байгууллагатай хамтран ажиллаж, шүүх эрх мэдлийг улам бэхжүүлэхийг хүсье” гэв.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт хамт олондоо хандан хэлсэн үгэндээ итгэл хүлээлгэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлага бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд “Бидний үйл ажиллагаандаа баримтлах үзэл баримтлал, зарчим Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хууль, тогтоомжид тодорхой тусгагдсан байдаг.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай шинэ хуулийн үзэл санаа, шинэчлэлийг “амилуулснаас” гадна шүүх эрх мэдлийн хүрээнд олон шинэ институцийг шинээр зохион байгуулсан. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо, Нийт шүүгчийн чуулган зэргийг дурдаж болно.
Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг цаашид тууштай үргэлжлүүлж, холбогдох төрийн байгууллагуудтай хуульд заасан чиг үүрэг, журмын хүрээнд хамтран ажиллана. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно” хэмээн онцоллоо.