Иран улс АНУ-тай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээс хойш анх удаа Арабын Нэгдсэн Эмират Улсыг онилон, дрон болон пуужингийн цохилт өгсөн байна.
АНЭУ-ын Батлан хамгаалах яам тавдугаар сарын 4-ний даваа гарагт X сүлжээнд мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах хүч нийт 19 пуужин, дроныг устгасан байна. Үүнд Иранаас харвасан 12 баллистик пуужин, 3 жигүүрт пуужин, 4 дрон багтжээ.
Фужайра дахь нефтийн үйлдвэрийн бүсэд Ираны дроны цохилтын дараа гал гарсан аж. Уг халдлагын улмаас Энэтхэгийн гурван иргэн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Мөн тавдугаар сарын 5-наас 8-ны хооронд сургуулиудыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Оман улс мөн халдлагын талаар мэдэгдэв
Оман улсын эрх баригчид хил орчмын Букха хотод цохилт өгсөн талаар мэдээлжээ. Үүний улмаас нэг орон сууц эвдэрч, гадаадын хоёр ажилтан шархадсан байна. АНЭУ халдлагыг эрс буруушааж, “Аюултай хурцадмал байдал үүсгэж байна” хэмээн мэдэгдээд, хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэйгээ онцолжээ.
Харин Ираны төрийн телевиз өндөр албан тушаалтны мэдээлээс эш татан “АНЭУ-д халдах төлөвлөгөө байгаагүй” гэж мэдэгдсэн байна.
Трамп Ираныг буруутгав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Ормузын хоолой дахь Өмнөд Солонгосын усан онгоц руу халдсан гэж буруутгасан байна. Тэрбээр мөн АНУ-ын цэргүүд Ираны долоон завийг устгасан гэж мэдэгджээ.
АНУ өмнө нь “Project Freedom” ажиллагааны хүрээнд Ормузын хоолойд саатсан хөлгүүдийг хамгаалалтад авахаа мэдэгдсэн. Харин Иран улс үүнийг гал зогсоох дэглэмийг зөрчсөн үйлдэл гэж үзнэ хэмээн анхааруулжээ.
Герман улс буруушаав
Германы канцлер Фридрих Мерц Ираны довтолгоог эрс шүүмжилж, АНЭУ-тай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Тегеран хэлэлцээний ширээнд эргэн ирж, бүс нутгийг барьцаанд байлгахаа зогсоох ёстой” гэж мэдэгджээ.
Мөн Ормузын хоолойн бүслэлтийг зогсоож, Иран цөмийн зэвсэг хөгжүүлэх ёсгүйг онцлон, цаашид ямар нэгэн заналхийлэл, халдлага гаргахгүй байхыг шаардсан байна.
Эх сурвалж: DW, POINT