Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Францын Эвиан-ле-Бен хотод болох “Их долоо” (G7) бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана" гэж мэдэгджээ. Тус дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд болох юм.

Зеленский зургадугаар сарын 14-ний ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн ордны тэргүүнтэй утсаар ярьсны дараа Telegram хуудастаа энэ талаар бичсэн байна.

Тэрбээр “Бид энх тайванд ойртуулахад туслах боломжтой зүйлсийн талаар ярилцсан. Мөн би тулалдааны талбарт гарч буй сүүлийн үеийн нөхцөл байдал, манай байр суурь хэрхэн бэхжиж байгаа талаар мэдээлсэн. Бид G7-ийн уулзалтын үеэр илүү дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцсон” гэжээ.

Мөн Зеленский “Бидэнд энх тайвныг ойртуулах, хүний амь насыг хамгаалахад туслах хэд хэдэн сайн санаа бий” хэмээн онцолж, "Украины хамгаалалт, энх тайванд хүрэх боломж нь уулзалтын гол сэдвүүдийн нэг байх болно" гэж нэмж өгүүлсэн байна.

Тэрбээр Трамптай хийсэн яриаг “гайхалтай” гэж тодорхойлоод, 80 насны ойд нь баяр хүргэжээ. Мөн АНУ Украинд үзүүлж буй дэмжлэгт талархаж, “Javelin-ээс Patriot хүртэлх тусламжийн бүх үе шатыг бид санаж байгаа нь чухал" гэж онцолсон байна.

Украины Ерөнхийлөгч мөн “Дайн, түүний үндэс шалтгаан, Крымын асуудал, дипломат боломжууд, түнш орнуудын байр суурийн талаар өргөн хүрээнд ярилцсан" гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, АНУ-ын нийгэм Украин шударга энх тайвны төлөөх хүсэл эрмэлзлийг бүрэн дэмжиж буй бөгөөд Трампын “Крымтэй холбоотой байр суурь” зөв болохыг онцолсон байна. Тэрбээр Трамп “Хэрэв тухайн үед хүчтэй манлайлал байсан бол өнөөдрийн дайн гарахгүй байх байсан” гэж хэлснийг дурджээ.

Оросын талын мэдээллээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Трампын төрсөн өдрөөр утсаар ярьж, баяр хүргэсэн бөгөөд хоёр удирдагч 55 минут ярилцсан байна. Тэд олон улсын нөхцөл байдал, хоёр улсын харилцаа, цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

Мөн Кремлийн мэдээлснээр, АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Ираны асуудалтай холбоотойгоор удахгүй ОХУ-д дахин айлчлахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: DW