ОХУ-ын цэргүүд зургадугаар сарын 15-ны даваа гарагт шилжих шөнө Киев хотод дахин өргөн цар хүрээтэй цохилт өгчээ. Энэхүү довтолгооны үеэр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Киев-Печерийн Лавра хийд мөн өртсөн байна.

Киев хотын цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко "Лаврын нутаг дэвсгэрт хүчтэй гал гарсан" гэж мэдэгджээ. Хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр, цогчин дуган болох Успенскийн сүмийн дээвэр шатсан байна.

Үйл явдлыг нүдээр харсан хүмүүс олон нийтийн сүлжээнд галын бичлэгүүдийг нийтэлжээ. Энэ мэдээлэл нийтлэгдэх үед хүний амь нас хохирсон талаар албан ёсны мэдээлэл гараагүй байсан аж.

Киев хотод 140 мянган хэрэглэгч цахилгаангүй болж, 19 хүн гэмтжээ

Орон нутгийн эрх баригчид ОХУ-ын хүчтэй цохилтод орон сууцны хорооллууд мөн өртсөн талаар мэдээлсэн байна. Киевийн дарга Кличко "Печерский дүүрэгт таван давхар орон сууц “оногдож”, Соломенский дүүрэгт есөн давхар барилга өртсөн бол Оболонский дүүрэгт орон сууц хэсэгчлэн нурсан" гэж мэдээлжээ.

Украины хэвлэлүүд "Шевченковский дүүрэгт иргэний дэд бүтцийн хэд хэдэн объект, тэр дундаа зах, хүнсний дэлгүүр цохилтод өртсөн" гэж бичжээ. Мөн 25 давхар орон сууц цохилтод өртсөн тухай мэдээлэл байгаа аж.

Киев хотын даргын хэлснээр, цохилтын улмаас дор хаяж 19 хүн шархадаж, 11 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Мөн нийслэлийн хойд хэсэгт цахилгааны шугамууд гэмтэж, 140 мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ.

Киев-Печерийн Лавра өмнө нь ч ОХУ-ын цохилтод өртөж, ихээхэн хохирол амссан аж. Бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш энэхүү түүх, шашны цогцолбор олон удаагийн довтолгоонд өртөж, хохирол амссаар иржээ. 2026 оны нэгдүгээр сард дахин цохилтод өртөж, Далайн агуй руу хүргэдэг гол хэсэг ихээхэн гэмтсан байна.

ЮНЕСКО 2023 онд Украины Дэлхийн өвийн дурсгалууд, тэр дундаа Киевийн Софийн сүм болон Киев-Печерийн Лавра нь ОХУ-ын довтолгооны улмаас аюулд орсон болохыг албан ёсоор мэдэгджээ. Дайны эхэн үеэс хойш Украинд нийтдээ 1600 орчим соёлын өв сүйдэж, гэмтсэн байна.

Мөн Харьков хотод ОХУ-ын довтолгооны үеэр өмнөх цохилтын дараах галыг унтрааж байсан аврагчид дахин цохилтод өртөн, амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименкогийн мэдээлснээр, нэг объект дээр гарсан галыг унтрааж байх үед дахин цохилт өгсний улмаас таван аврагч амь үрэгдэж, дор хаяж таван хүн шархадсан талаар албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW, TCH