Дэлхийн түүхий эдийн зах зээлд АНУ болон Ираны хооронд “энхийн хэлэлцээр”-ийн хүрээнд дэвшил гарсан тухай мэдээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, алтны үнэ өсөж, газрын тосны үнэ огцом буурах төлөв ажиглагдаж байна.

Зах зээлүүд Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжих магадлал нэмэгдсэн гэж үзэж буй нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолой орчмын эрсдэлийг бууруулжээ.

Al Jazeera"-гийн мэдээлснээр, АНУ болон Ираны албаныхан ‘энхийн хэлэлцээр’-т хүрсэн тухай мэдэгдсэний дараа даваа гарагт алтны үнэ 1%-иас илүү өссөн байна. Үүний улмаас газрын тосны үнэ буурч, инфляци өсөх болон хүүгийн түвшин өндөр хэвээр байхтай холбоотой санаа зовнил буурчээ.

Шинжээчид "Нефтийн үнэ 4 орчим хувиар унаж, сүүлийн саруудын хамгийн доод түвшинд хүрсэн нь нийлүүлэлтийн тасалдал үүсэх айдас суларсантай холбоотой" гэж үзэж байна. Харин эрчим хүчний зардал буурах нь инфляцийн дарамтыг зөөлрүүлж, төв банкуудын бодлогын хүүг өндөр түвшинд удаан барих шаардлага багасаж магадгүй гэсэн хүлээлт бий болгожээ.

Үүний эсрэгээр алтны үнэ өссөн нь хөрөнгө оруулагчид дэлхийн улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал бүрэн арилгагдаагүй гэж үзэж байгааг харуулж байна. Долларын ханшийн сулрал, инфляцийн хүлээлтийн өөрчлөлт болон геополитикийн эрсдэлийн үнэлгээ зэрэг нь алтны эрэлтийг нэмэгдүүлж, түүнийг уламжлалт “аюулгүй хөрөнгө” хэвээр хадгалсаар буй аж.

Ийнхүү зах зээл нэг талаас эрчим хүчний хямрал намжиж буйг газрын тосны уналтаар илэрхийлж байгаа бол нөгөө талаас дэлхийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байгааг алтны өсөлтөөр харуулж, хөрөнгө оруулагчдын байр суурь хоёр өөр чиглэлд хуваагдаж буй дүр зураг ажиглагдаж байна.

Эх сурвалж: AL JAZEERA