Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф өнөөдөр өглөө олон нийтийн сүлжээгээр дамжуулан "АНУ болон Иран улс дайсагналыг зогсоох хэлэлцээрт хүрсэн. Уг гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах ёслол ирэх баасан гарагт Швейцарт болно" гэж мэдэгдэв.

Шарифын мэдэгдлээс хэдхэн минутын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн "Truth Social" платформд “Исламын Бүгд Найрамдах Иран Улстай байгуулах хэлэлцээр бүрэн эцэслэгдлээ” хэмээн бичжээ.

Хэлэлцээр байгуулагдсан тухай мэдээлэл гарсан нь бүс нутгийн нөхцөл байдал туйлын эмзэг хэвээр байгаа үед тохиож байна. Учир нь ням гарагт Израилын арми Ливаны нутаг дэвсгэрт цохилт өгсөн бөгөөд тус улсын эрх баригчид уг ажиллагааг Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэлийн дайчдыг онилсон гэж тайлбарласан юм.

Одоогоор хэлэлцээрийн эцсийн агуулга нийтэд бүрэн ил болоогүй байна. Гэсэн хэдий ч Шахбаз Шарифын мэдээлснээр гэрээнд Ливаныг оролцуулан бүс нутгийн бүх фронтод явагдаж буй цэргийн ажиллагааг нэн даруй бөгөөд бүрмөсөн зогсоох тухай заалт багтжээ.

Үүнээс өмнө хэд хэдэн эх сурвалж "Reuters" агентлагт мэдээлэхдээ хэлэлцээрийн төсөлд Ормузын хоолойг дахин нээх, Ираны боомтуудад АНУ-аас тогтоосон тэнгисийн бүслэлтийг цуцлах, мөргөлдөөнийг намжаах түр хэлэлцээрийг сунгах зэрэг асуудлыг тусгасан гэжээ. Харин Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой маргаантай асуудлуудыг 60 хоногийн нэмэлт хэлэлцээний хүрээнд үргэлжлүүлэн шийдвэрлэхээр үлдээсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп мөн мэдэгдэлдээ Ормузын хоолойг ямар нэгэн татвар, хураамжгүйгээр нээж, АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг бүрэн зогсоохоор болсон тухай онцолжээ. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хөлөг онгоцууд аа, хөдөлгүүрээ асаацгаа. Газрын тос урсаг” хэмээн бичсэн байна.

Гэсэн хэдий ч хэлэлцээрийн талаарх өөдрөг мэдэгдлүүдийн зэрэгцээ бүс нутаг дахь хурцадмал байдал намжаагүй хэвээр байгаа юм.

Ням гарагт Ираны талын гол хэлэлцээ хариуцагч Мохаммад Багер Галибаф "Х" платформд нийтэлсэн мэдэгдэлдээ Бейрутын өмнөд дүүрэгт болсон Израилын цохилтыг шүүмжилж, энэ нь АНУ хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, боломжгүй байгааг харууллаа гэж мэдэгджээ.

Мөн Ираны Гадаад хэргийн яам уг довтолгооны хариуцлагыг АНУ-д хүлээлгэж, “хатуу хариу арга хэмжээ” авахаа анхааруулсан байна. Харин Ираны Зэвсэгт хүчний нэгдсэн дээд командлалаас “дайсны зүрх рүү цохилт өгөхөд бэлэн, хуруу нь гохон дээр байна” хэмээн мэдэгдсэн нь бүс нутгийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүйг харуулж байна.

Үүний хариуд Дональд Трамп мөн өдөр "Truth Social" хуудсандаа “Өнөө өглөө Бейрут руу цохилт өгөх ёсгүй байсан. Ялангуяа Ирантай энхийн хэлэлцээр байгуулахад тун ойрхон байгаа энэ чухал өдөр ийм үйлдэл гаргах ёсгүй байлаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин Израилын эрх баригчид АНУ, Ираны хооронд байгуулж буй энэхүү хэлэлцээрийн оролцогч тал биш гэдгээ мэдэгдсэн байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ирантай тохиролцоонд хүрэхийн тулд Ливан дахь цэргийн ажиллагаагаа хязгаарлахыг Вашингтоны зүгээс шаардсаныг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ асуудлаар Дональд Трамптай санал зөрөлдөөд байгаа юм.

Израил болон Ираны дэмжлэгтэй Ливаны "Хезболла" бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн өнгөрсөн хоёрдугаар сард АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны дараа дахин эрчимжсэн билээ.

Түүнчлэн Ираны өндөр албан тушаалтан өмнө нь "Reuters" агентлагт мэдээлэхдээ хэлэлцээрийн төслийн хүрээнд АНУ Ираны царцаасан 25 тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрөхөөр болсон гэжээ. Үүний хариуд Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй байх үүрэг хүлээсэн байна.

Мөн эцсийн хэлэлцээр байгуулагдах хүртэл Иран улс уран баяжуулахгүй байх, цөмийн байгууламжуудаа өргөтгөхгүй байх зэрэг нэмэлт үүрэг хүлээхээр тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү хэлэлцээр бодитой хэрэгжиж эхэлбэл сүүлийн жилүүдэд туйлын хурцадмал байсан АНУ-Ираны харилцаанд шинэ хуудас нээхээс гадна Ормузын хоолойгоор дамжих дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх томоохон үйл явдал болох төлөвтэй байна.