Хүмүүн.мн сайт "АНХНЫ 126" буландаа энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг урьж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна. Тэрбээр Монгол Улс уул уурхайгаас татгалзах тухай биш, уул уурхайн орлогоо ашиглан, төрөлжсөн эдийн засаг байгуулах тухай ярих цаг болсныг онцолсон юм.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ? 

-Ашигт малтмалын тухай хуулийн хувьд хамгийн гол асуудал нь зэсийн АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зохицуулалт юм. Бид олон жилийн турш Монголын зэсийн АМНАТ олон улсын жишгээс өндөр байгаа учраас хайгуулын хөрөнгө оруулалт татагдахгүй байна гэж шүүмжилж ирсэн.

Гэтэл энэ асуудлыг шийдэх гэж оруулж ирэхэд МАН-ын бүлгийн хурлаас “Оюу толгой болон Онтрэ компанийн эзэмшдэг залгаа талбайтай холбоотой хэлэлцээр дуусах хүртэл АМНАТ-ын асуудлыг хөндөхгүй” гэсэн шийдвэр гаргасан тухай мэдээлсэн.

Хэрэв АМНАТ-ын асуудлыг хэлэлцэхгүй юм бол Ашигт малтмалын тухай хуулийн бусад заалтуудыг хэлэлцээд байх шаардлага байна уу гэсэн байр суурь би илэрхийлсэн. Учир нь, бусад өөрчлөлтийн дотор хэд хэдэн асуудал байна.

Тухайлбал, баяжуулах үйлдвэр байгуулахад тусгай зөвшөөрөл шаарддаг болохоор тусгажээ. Өмнө нь ийм зохицуулалт байгаагүй. Мөн уурхайн олон мэргэжлээс зөвхөн маркшейдер буюу хэмжилт, тооцооллын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийг онцолж, тусгай зөвшөөрөлтэй болгохоор оруулсан байна.

Миний бодлоор эдгээр шинэ тусгай зөвшөөрлүүд нь өнөөдрийг хүртэл хэвийн явж ирсэн үйл ажиллагаан дээр дахиад нэг шат дамжлага, дахиад нэг хүнд суртлын давхарга бий болгоно. Тиймээс үндсэн асуудал болох АМНАТ-ын зохицуулалтыг хэлэлцэхгүй байж ийм асуудлуудыг хэлэлцэх нь ач холбогдол багатай гэж үзэж байна.

Баяжуулах үйлдвэр гэдэг нь түүхий эдийг олборлож, ангилан ялгаж, чанарыг нь дээшлүүлэн нэмүү өртөг шингээж зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа. Нэг компани олборлолтын лиценз эзэмшээд түүхий эдээ шууд хямд үнээр экспортлох сонирхолтой байж болно. Харин өөр нэг аж ахуйн нэгж тухайн түүхий эдийг авч боловсруулан илүү өндөр үнээр экспортолж, Монголд илүү их ашиг үлдээх боломжтой.

Гэтэл баяжуулах үйлдвэр барихад тусгай зөвшөөрөл шаарддаг болсноор яг энэ төрлийн үйл ажиллагаанд нэмэлт саад үүснэ гэсэн үг.

Үүнийг тайлбарлахдаа “Баяжуулах үйлдвэр ямар технологи ашиглаж байна, хорт бодис ялгаруулж байна уу, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хянахын тулд тусгай зөвшөөрөл олгоно” гэж байгаа.

Гэвч ийм хяналтын тогтолцоо Монголд аль хэдийн бий. ТЭЗҮ батлуулна, улсын комисс хүлээн авна, стандартын шаардлага хангасан эсэхийг шалгана, байгаль орчны болон эрүүл ахуйн хяналт тавина. Ингээд байгаа тогтолцоон дээр дахин нэг тусгай зөвшөөрөл нэмснээр илүү сайжирна гэдэгт би итгэдэггүй.

Тусгай зөвшөөрөл гэдэг нь эцсийн дүндээ нэг багц материал бүрдүүлж өгөөд, аль нэг албан тушаалтан гарын үсэг зурж байж шийдвэр гардаг механизм. Хэнд өгөх, хэнд өгөхгүйг шийддэг тэр эрх мэдэл нь өөрөө асуудал дагуулдаг. Мөн маркшейдерийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох гэж байна. Үүний тайлбар нь “уул уурхайн хэмжилтийг буруу хийж, олборлолтын хэмжээг худал мэдээлэн хулгай гарах эрсдэлтэй” гэсэн үндэслэл.

Хэрэв ийм логикоор ярих юм бол зөвхөн маркшейдер биш, геологич ч мөн адил эрсдэл үүсгэж болно. Геологийн худал тайлан гаргаж, ашигтай талбайг өөр хүнд шилжүүлэн ашиг олсон тохиолдлууд ч байдаг. Хэрэв тусгай зөвшөөрөл хулгай, луйврыг бүрэн зогсоодог юм бол геологичдыг ч мөн тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй болох биз. Үнэн хэрэгтээ мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр биш, мэргэжлийн стандарт, шалгалт, хариуцлагын тогтолцоогоор хянадаг.

Геологийн нөөц тогтоох асуудлыг мэргэжлийн зөвлөлүүд, эрдэмтэн судлаачид хэлэлцэж шийддэг. Энэ бүхэн салбарын стандартын дагуу явах ёстой болохоос биш нэг албан тушаалтан материал цуглуулж үзээд “танай компани хийж болно, танайх болохгүй” гэж шийдвэр гаргаснаар илүү сайн хяналт бий болно гэж би үздэггүй.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд оруулсан эдгээр нэмэлт тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг би дэмжихгүй байгаа. Миний хувьд энэ бол шаардлагагүй, илүүц зохицуулалт гэж үзэж байна.

Зэс, нүүрсний үнэ төсөөллөөс доогуур гарвал энэ жилийн төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Миний хувьд зэсийн үнэ буурна гэж харахгүй байна. Харин ч эсрэгээрээ өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдөр зэсийн үнэ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Нүүрсний хувьд ч мөн адил харьцангуй тогтвортой нөхцөл ажиглагдаж байгаа. Саяхан Хятадад болсон уурхайн томоохон ослын дараа аюулгүй ажиллагааны шаардлага эрс чангарсан. Үүний улмаас олборлолтын өртөг нэмэгдэх нөхцөл үүсэж байна.

Өртөг өсөхөөр нүүрсний үнэ тодорхой хэмжээнд дэмжигдэнэ гэсэн үг. Тиймээс ойрын хугацаанд нүүрсний үнэ огцом унах эрсдэл харьцангуй бага гэж харж байна. Мэдээж дэлхийн зах зээл дээр ямар ч үед эрсдэл гарч болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ төсөвт хүндрэл учруулах хэмжээнд огцом буурна гэсэн дохио харагдахгүй байна.

-Ормузын хоолойн нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Ормузын хоолойн асуудал Монголд шууд нөлөөлөхгүй. Учир нь Монгол Улс тэр бүс нутгийн нефтийн нийлүүлэлтийн сүлжээнд шууд оролцдоггүй. Гэхдээ дэлхийн эдийн засаг хоорондоо нягт холбоотой болсон өнөө үед шууд бус нөлөөлөл зайлшгүй гарна.

Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн томоохон хэсэг дамждаг. БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг томоохон эдийн засгуудын эрчим хүчний хэрэгцээний чухал хэсэг энэ бүсээс хангагддаг. Хэрэв нийлүүлэлт тасалдаж, эсвэл эрсдэл нэмэгдвэл эдгээр орнууд өөр эх үүсвэрээс нефть худалдан авах шаардлагатай болно. Ингэснээр дэлхийн зах зээл дээр эрчим хүчний үнэ өснө.

Эрчим хүчний үнэ өсөхөөр зөвхөн шатахуун биш, бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгддэг. Тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн зардал өснө. Үүний үр дагавар эцэстээ Монгол Улсад ч мэдрэгдэнэ. Ялангуяа томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд ихээхэн нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Өнөөдөр хоёр их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа төсөл маргааш гурван их наяд болж магадгүй. Гурван их наядын төсөвтэй төсөл дөрөв, таван их наяд болж өсөх эрсдэл ч бий. Тиймээс дэлхий дахинд эрчим хүчний үнээс үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс хөрөнгө оруулалтын болон төсвийн бодлогоо маш болгоомжтой боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

-Уул уурхайгаас өөр ямар салбарууд өсөх боломжтой гэж та бодож байна вэ?

-Сүүлийн хоёр жил аялал жуулчлалын салбарын орлого харьцангуй сайн өссөн. Цар тахлын дараах сэргэлтийн үед Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлал эдийн засагт бодит хувь нэмэр оруулж эхэлсэн. Гэхдээ уул уурхайн салбартай харьцуулах хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд эрт байна.

Миний бодлоор хамгийн том боломж ноос, ноолуурын салбарт хэвээр байгаа. Өнөөдөр Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн томоохон нийлүүлэгчдийн нэг атлаа түүхий эдийнхээ ихэнхийг боловсруулаагүй хэлбэрээр экспортолдог.

Ноолуурынхаа ойролцоогоор 80 хувийг түүхий эд байдлаар гаргаж байна. Харин эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж байгаа хэмжээ харьцангуй бага хэвээр байна. Хэрэв Европын болон өндөр үнэлгээтэй зах зээлүүдэд чиглэсэн боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлж чадвал Монгол Улс хэдэн тэрбум ам.долларын экспортын шинэ эх үүсвэртэй болох боломжтой. Өөрөөр хэлбэл бид зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус, бэлэн бүтээгдэхүүн экспортлогч орон болох ёстой.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын мөнгөн шилжүүлэг манай эдийн засгийн төдийлөн анзаарагддаггүй ч маш чухал эх үүсвэрүүдийн нэг. Өнөөдөр дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орондоо тогтмол мөнгө шилжүүлдэг.

Албан ёсны нарийвчилсан тоо үргэлж гардаггүй ч жилдээ дор хаяж 500 сая ам.долларын хэмжээний валют Монгол Улсад орж ирдэг гэж үздэг. Энэ нь зарим экспортын бүтээгдэхүүний орлоготой дүйцэхүйц хэмжээний урсгал юм.

Цаашид энэ хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байна. Учир нь гадаадад ажиллаж байгаа монголчуудын тоо өсөж байгаа бөгөөд тэдний орлого ч нэмэгдэж байна. Тиймээс мөнгөн шилжүүлгийн зардлыг бууруулах, илүү хурдан, хямд технологийн шийдлүүдийг ашиглах шаардлагатай гэж боддог.

Хэрэв гадаадад байгаа монголчуудын илгээж буй мөнгөний урсгалыг илүү үр ашигтай удирдаж чадвал валютын орлого нэмэгдэхээс гадна дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих чухал эх үүсвэр болж чадна.

-Төгрөгийн ханшийг хамгаалах бодит боломж Монгол Улсад хэр байна вэ?

-Экспорт хэвийн үргэлжилж, валютын орлого тогтвортой орж ирж байгаа нөхцөлд төгрөгийн ханшид огцом дарамт үүсэхгүй гэж харж байна. Гэхдээ аливаа эрсдэлийн үед Монгол Улсын хамгийн чухал хамгаалалт бол алт байдаг.

Өнөөдөр алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр түвшинд хүрсэн. Монголд олборлолт ч нэмэгдэж байна. Гэвч сонирхолтой нь олборлолт нэмэгдэж байгаа хэрнээ Монголбанканд тушаагдаж буй алтны хэмжээ буурч байгаа үзүүлэлт бий. Үүний шалтгаан нь зарим олборлогчид алтаа албан бус сувгаар худалдах нь илүү ашигтай гэж үздэгтэй холбоотой.

Тиймээс жижиг олборлогчдоос алт худалдан авах нөхцөлийг сайжруулах, хууль бус урсгалыг бууруулах, албан ёсны зах зээлийг өргөжүүлэх шаардлагатай. Хэрэв Монгол Улс алтны нөөцөө нэмэгдүүлж чадвал валютын ханшийн савлагаа болон гадаад шокын үед эдийн засгаа хамгаалах боломж улам бүр нэмэгдэнэ.

-Олон жил яригдсан томоохон төслүүд эдийн засгийг тэлэх үү, эсвэл өрийн дарамтыг нэмэх үү?

-Энэ асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж боддог. Том төсөл болгон муу гэсэн үг биш. Харин ямар төсөл вэ, хэн хэрэгжүүлэх вэ, ямар санхүүжилтээр хийх вэ гэдэг нь хамгийн чухал.

Өнөөдөр дэлхийн эдийн засаг тогтворгүй байна. Геополитикийн эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд эрчим хүч, тээвэр ложистикийн зардал өсөх магадлал хэвээр байна. Ийм нөхцөлд том төслүүдийн анхны төсөв бодит өртгөөсөө бага тооцогдох эрсдэл маш өндөр байдаг.

Жишээлбэл, өнөөдөр хоёр их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа төсөл хэрэгжих үедээ гурван их наяд болж магадгүй. Гурван их наядын төсөл дөрөв, таван их наяд хүрэх ч эрсдэл бий. Тиймээс төр өөрөө үйлдвэр байгуулж, үйлдвэрлэл эрхлэх оролдлого хийхээс илүү хувийн хэвшилд боломж олгох нь зөв гэж үздэг.

Үйлдвэрлэл, бизнесийн төслүүдийг хувийн хэвшил өөрөө санаачилж, өөрийн эрсдэлээр хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай. Харин авто зам, төмөр зам, эрчим хүч, усан хангамж зэрэг нийтийн зориулалттай суурь дэд бүтцийн төслүүдэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Гэхдээ тэр бүхнийг зөв дараалалтай, эдийн засгийн тооцоо судалгаатай хийхгүй бол өрийн дарамт нэмэгдэх эрсдэл үүснэ.

Өөрөөр хэлбэл, том төсөл хэрэгжүүлэх эсэхээс илүү ямар төсөлд төр оролцох вэ гэдэг асуудал хамгийн чухал юм.

-Макро эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч иргэдийн орлого дагаж өсөхгүй байвал үүнийг бодит өсөлт гэж үзэж болох уу?

-Энэ бол өнөөдөр Монголын эдийн засгийн өмнө байгаа хамгийн том сорилтуудын нэг гэж боддог. Статистик үзүүлэлтээр харвал эдийн засаг өсөж байна. Экспорт нэмэгдэж байна. Валютын орлого өсөж байна. Гэхдээ энэ өсөлт иргэн бүрийн амьдралд мэдрэгдэж байна уу гэвэл өөр асуудал.

Монголын эдийн засаг өнөөдөр ч гэсэн нүүрс, зэс гэсэн хоёрхон том бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай хэвээр байна. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ өндөр байвал эдийн засгийн үзүүлэлтүүд сайхан харагдана. Харин үнэ нь буурвал эдийн засаг бүхэлдээ хүндрэлд ордог. Ийм бүтэцтэй эдийн засгийг тогтвортой гэж хэлэхэд хэцүү.

Жинхэнэ тогтвортой өсөлт гэдэг бол олон эх үүсвэртэй, төрөлжсөн эдийн засагтай байхыг хэлнэ. Уул уурхай ч байна, боловсруулах үйлдвэрлэл ч байна, аялал жуулчлал ч байна, хөдөө аж ахуй ч байна, мэдээллийн технологи ч байна гэсэн олон тулгууртай байх ёстой. Тэр үед л нэг салбарт хүндрэл гарахад нөгөө салбар нь нөхөж чаддаг болно. Тиймээс өнөөдөр бид макро өсөлтийн тоонд бус, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд илүү анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд ямар бодлого шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж бий. Гэхдээ нэг бодит асуудал байдаг. Монголд үйлдвэрлэл эрхлэх өртөг Хятадаас өндөр байдаг. Цахилгаан эрчим хүчний зардал, тээвэр ложистик, санхүүжилтийн өртөг, зах зээлийн хэмжээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Ийм нөхцөлд Монголын үйлдвэрлэгчид Хятадын үйлдвэрүүдтэй ижил нөхцөлөөр өрсөлдөхөд хүндрэлтэй. Тиймээс төрөөс тодорхой хэмжээний бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж байгаа үйлдвэрүүдэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх боломжтой.

Тухайлбал, орлогын албан татварын тодорхой хөнгөлөлт үзүүлэх, тоног төхөөрөмжийн импортод дэмжлэг үзүүлэх, экспортын зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авч болно. Бид зөвхөн түүхий эд экспортолдог хэвээр байвал нэмүү өртгийн ихэнхийг бусад улс хүртсээр байх болно. Харин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал илүү олон ажлын байр бий болж, иргэдийн орлого өсөх боломж бүрдэнэ.

-Зэсийн салбарын хөрөнгө оруулалтын орчны талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улс зэсийн асар их боломжтой орон. Гэвч энэ боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж би үздэг. Үүний гол шалтгаануудын нэг нь хөрөнгө оруулалтын орчин болон татварын бодлоготой холбоотой.

Ялангуяа зэсийн АМНАТ олон улсын жишигтэй харьцуулахад өндөр байгаа талаар хөрөнгө оруулагчид олон жил ярьж ирсэн. Хайгуулын компаниудын хувьд эрсдэл маш өндөр байдаг. Арван хайгуул хийвэл нэг нь амжилттай болох тохиолдол ч бий.

Ийм өндөр эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөх чадвартай бодлого хэрэгтэй. Гэтэл бид хөрөнгө оруулалтыг татах биш, зарим талаар үргээж байгаа мэт дүр зураг харагддаг.

Монгол Улс дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч орнуудын нэг болох боломжтой. Гэхдээ үүний тулд шинэ ордууд нээгдэх ёстой. Шинэ орд нээгдэхийн тулд хайгуул идэвхжих ёстой. Хайгуул идэвхжихийн тулд хөрөнгө оруулалт орж ирэх ёстой. Энэ гинжин холбоог ойлгож байж урт хугацааны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж боддог.

-Оюу толгойн маргаантай асуудлаар та ямар бодолтой байна вэ?

-Оюу толгой бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал төслүүдийн нэг. Экспортын орлого, валютын урсгал, улсын төсөвт оруулж байгаа хувь нэмрийг нь үгүйсгэх аргагүй. Тиймээс төслийн тогтвортой ажиллагаа Монгол Улсын эрх ашигтай шууд холбоотой. Гэхдээ шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал, Рио Тинто компаниас Оюу толгой төсөлд олгосон дамжуулан зээлийн хүүгийн асуудал олон жил яригдаж байна.

Миний хувьд энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үздэг. Учир нь, хамтарсан бизнес эрхэлж байгаа нөхцөлд нэг тал нь нөгөө талдаа өндөр хүүтэй зээл олгож, түүнээсээ нэмэлт ашиг хүртэж байгаа бүтэц урт хугацаанд шударга гэж харагдахгүй байна. Мөн Монгол Улс ногдол ашиг хүртэх хугацааг аль болох наашлуулах чиглэлд ажиллах ёстой.

Ялангуяа ойрын жилүүдэд хамгийн өндөр агуулгатай хүдэр олборлогдож, зэс болон алтны үнэ өндөр байгаа энэ үед Монголын тал бодит үр өгөөжөө хүртэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай. Нөгөө талаар Оюу толгой болон Онтрэгийн эзэмшдэг залгаа талбайтай холбоотой асуудлууд бий.

Эдгээр хэлэлцээрүүд цаашид хэрхэн шийдэгдэхээс Монгол Улсын хүртэх өгөөж ихээхэн хамаарна. Тиймээс дараагийн шатны хэлэлцээрүүд дээр Монгол Улсын эрх ашиг, үр өгөөжийг илүү сайн хамгаалах шаардлагатай гэж үзэж байна.

-Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.