Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр "Украиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхээр зургадугаар сарын 15-нд товлосон. Энэ асуудал олон жил үргэлжилж болзошгүй урт бөгөөд төвөгтэй үйл явцын зөвхөн эхний алхам болно" гэж  мэдэгдэж, хэрэв "Киев хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол элсэх үйл явц зогсоно" гэж анхааруулжээ.

Тэрбээр Закарпатье дахь унгар үндэстний цөөнхийн эрхийг сэргээх талаар тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор Унгар улс Украиныг ЕХ-д элсүүлэх хэлэлцээг зургадугаар сарын 15-нд эхлүүлэхэд тавьж байсан эсэргүүцлээ цуцалсныг баталсан байна.

Ерөнхий сайд үндэсний телевизүүдээр цацагдсан видео мэдэгдэлдээ “Украин улс ЕХ-д элсэх үйл явцын хүрээнд боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Унгар-Украины хоёр талын гэрээний заалтуудыг албан ёсоор тусгасан. Энэ нь Закарпатье дахь унгар үндэстний цөөнхийн эрхийн талаар байгуулсан Унгар-Украины эрх зүйн гэрээнд туссан Украины үүрэг амлалтууд ЕХ-ны шаардлагад нийцүүлэн хэрэгжих болно гэсэн үг” хэмээн онцолжээ.

Тэрбээр цааш нь “Өөрөөр хэлбэл, Украины хүлээсэн үүргийн хэрэгжилтийг цаашид Европын Комисс болон Европын Зөвлөл тогтмол хянах болно. Хэрэв Украин унгар үндэстний цөөнхийн эрхийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ЕХ-д элсэх үйл явцдаа ахиц гаргаж чадахгүй” гэж тайлбарлажээ.

Мадьяр мөн “Хэлэлцээний эхний бүлгийг нээх нь урт бөгөөд төвөгтэй үйл явцын ердөө эхлэл төдий юм” хэмээн онцолсон байна. Тэрбээр үүний жишээ болгон Черногорийн туршлагыг дурджээ.

Ерөнхий сайд “ЕХ-ны гишүүн болохын тулд нэр дэвшигч оронд хэр их хугацаа шаардагдаж болохыг харуулсан нэг жишээ бол Черногори юм. Тус улс 2012 онд элсэх үйл явцаа эхлүүлсэн боловч мэдэгдэхүйц ахиц гаргасан ч өнөөг хүртэл ЕХ-ны гишүүн болоогүй байна” гэж сануулжээ.

Мадьяр өмнө нь ч Украиныг Европын Холбоонд түргэвчилсэн журмаар элсүүлэхийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм.

Өмнө нь Виктор Орбаны тэргүүлж байсан Унгарын Засгийн газар ч мөн адил Закарпатье дахь унгар үндэстний цөөнхийн эрхийг сэргээхийг Киевээс шаардаж ирсэн бөгөөд хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Украиныг ЕХ-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэж анхааруулж байжээ.

Будапештийн үзэж буйгаар 2015 оноос хойш тус бүс нутагт амьдардаг угсаатны унгарчууд төрөлх хэлээ соёл, боловсролын салбарт ашиглах зэрэг хэд хэдэн эрхээсээ хасагдсан байна.

2025 оны зургадугаар сарын 26-нд Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Виктор Орбан Украиныг дэмжсэн хамтарсан мэдэгдлийг хориглосон бөгөөд уг мэдэгдэл нь Украиныг ЕХ-д элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхэд “ногоон гэрэл” асаах ач холбогдолтой байсан юм.

Эдгээр асуудлаарх санал зөрөлдөөн нь хөрш хоёр улсын харилцаа ноцтой муудах гол шалтгаануудын нэг болсон. Харин Петер Мадьяр одоо эдгээр харилцааг хэвийн болгохыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: DW