Дэлхийн хэмжээнд авьяастан хайж байсан загварын агентын ажилтнууд и-мэйлээр тогтмол шинэ мэдээлэл солилцдог байжээ. Гэвч тэдний харилцдаг хүлээн авагч нь огтхон ч ердийн хүн биш, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, салбар дотор албан ёсны ямар ч үүрэггүй Жеффри Эпштейн байсан аж.
Загварын салбарын нэгэн зуучлагч Жеффри Эпштейнд хэд хэдэн залуу охидын талаар мэдээлэл явуулжээ. Тэр мэдээлэлдээ "Нэг “хөөрхөн франц охин” байна, чамтай уулзахдаа баяртай байх болно" гэж бичсэн байна.
Тэр "Скандинавын 16-17 настай хэд хэдэн охидын бүлэг ирэх жил ажиллахад бэлэн болно" гэж хэлжээ. Мөн 19 настай орос охин аялж, ажиллахад бэлэн гэж онцолсон бол өөр нэг залуу моделийг “маш сайн, хамгийн шилдэг нь” гэж магтсан байна.
Нэгэн зуучлагч “Тэр бол чамд бэлэг болгон өгөхөөр төлөвлөсөн бүсгүй” гэж бичсэн байна. Ийм хандлага нь зөвхөн ганц хоёр хүний асуудал биш байсан аж.
АНУ-ын Хууль зүйн яамнаас (DOJ) гаргасан олон мянган баримт бичгийг CNN-ийн шалгасан дүнгээс харахад, Эпштейн болон загварын салбарын ажилтнууд агентлагийн захирал, зохион байгуулагч, хүний нөөцийн ажилтанууд хоорондоо гүн холбоотой байсан нь ил болжээ.
Эдгээр баримтууд нь Эпштейн болон дэлхийн загварын салбарын зарим хүмүүсийн хооронд “харилцан ашигтай” холбоо байсныг харуулж байгаа аж. Эпштейн мөнгө, мэргэжлийн холбоо, АНУ-ын виз авахад туслалцаа үзүүлдэг байсан бол загварын салбарын хүмүүс түүнд залуу, гадаад эмэгтэйчүүдтэй танилцах боломж олгодог байжээ. Эдгээр эмэгтэйчүүдийн олонх нь хожим түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
2008 онд бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял авсан ч загварын салбарын зарим хүмүүс түүнийг бизнесийн хамтрагч болгон ашиглаж, арга хэмжээнд урьж, компаний үйл ажиллагаанд оролцуулж байжээ. Ингэснээр Эпштейн загварын карьерыг шийдэж чадах хүн мэт нөлөөтэй дүр төрхтэй болсон байна.
CNN-ийн шалгалтаар дор хаяж салбарын зургаан хүн Эпштейнийг залуу загвар өмсөгчидтэй холбох оролдлого байнга хийж байсныг илрүүлжээ. Зарим мессежүүдэд бэлгийн шинжтэй агуулга байсан бол, зарим нь зүгээр л энгийн ажил, мэргэжлийн санал шиг харагдаж байжээ.
Хууль зүйн баримтад багтсан олон хүн Эпштейнтэй найрсаг харилцаатай байсан бөгөөд түүний гэмт хэргийг мэдээгүй гэж мэдүүлжээ.
Зарим нэр холбогдогчдын дунд Францын агент Жан-Люк Брюнель байсан аж. Тэрбээр 2020 онд баривчлагдсаныхаа дараа амиа хорложээ. Түүнийг насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэрэгт сэжиглэж байсан аж.
Зарим бусад салбарын хүмүүс ямар нэг байдлаар буруутай гэж буруутгагдаагүй, Эпштейний талаар мэдээгүй гэж мэдэгдсэн байна. Тэдний дийлэнх нь Эпштейнийг Victoria's Secret-ийн эзэнтэй холбоотой байсан тул түүнийг салбарын хууль ёсны хүн гэж итгэж байжээ.
“Би түүнд итгэсэн”

Загвар өмсөгчдийн зуучлагч Даниел Сиад Эпштейнтэй олон залуу эмэгтэйг уулзуулсанаа CNN-д ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрсөн ч тэр үед ямар нэг аюул байгааг мэдээгүй гэжээ.
Тэрбээр “Би тэндээс буцаж ирсэн хэн нэгнээс муу зүйл болсон гэж сонсоогүй. Би түүнийг мэргэжлийн хүн гэж бодсон” гэж хэлсэн байна. Гэвч АНУ-ын Хууль зүйн яам баримтууд тэр зөвхөн загварын ажил санал болгоогүй байж магадгүйг харуулна.
2018 онд тэр “сайхан дүр төрхтэй залуу туслах” хайж байгаагаа бичсэн бөгөөд Эпштейнд залуу эмэгтэйчүүдийн зураг илгээдэг байжээ. Хожим нь тэр “Эпштейн бол хамелеон байсан, намайг хуурсан” гэж мэдэгдсэн байна.
Эпштейний загварын сүлжээ
Баримтуудын дагуу Эпштейн олон улсын агентлаг, зуучлагчдын сүлжээг ашиглан залуу эмэгтэйчүүдтэй холбоо тогтоодог байжээ. Тэр заримд нь мөнгө төлж, заримтай нь шууд холбоо тогтоодог байсан аж.
Зарим эмэгтэйчүүд түүнийг “карьер бүтээж өгнө” гэж итгэн уулзсан ч дараа нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ.

Орос загвар өмсөгч Светлана Пожидаевад Нью-Йоркт ирэхэд нь тусална гэж амалсан ч эцэст нь түүний хувийн туслах болсон аж. Тэр “Би өөр ажил хайх боломжгүй болсон байсан” гэж хэлжээ.
Дэлхийн хэмжээний сүлжээ
Эпштейн дэлхийн олон улс дахь скаут, агентуудтай холбоо тогтоож, залуу эмэгтэйчүүдийн мэдээлэл цуглуулдаг байжээ. Зарим нь түүнээс шууд мөнгө авч ажиллаж байсан аж. Зарим тохиолдолд тэр илгээсэн эмэгтэйчүүдийг “хэт хөгшин” гэж буцаасан бол заримыг нь хүлээн авдаг байжээ.
Үргэлжилж буй мөрдөн шалгалт
Эпштейний хэрэгтэй холбоотойгоор Франц болон бусад улс оронд мөрдөн шалгалт үргэлжилж буй. Зарим хохирогчид сүлжээнд оролцсон хүмүүсийг хариуцлагад татахыг шаардаж байгаа аж. Зарим загвар өмсөгчид “Загварын салбар бол зарим тохиолдолд хүний наймааны нүүр царай болдог” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN