Ираны өмнөх дээд удирдагч аятолла Али Хаменейтэй салах ёс хийх болон оршуулах ёслол долдугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд болох ажээ. Энэ талаар зургадугаар сарын 13-ны бямба гарагт Ираны улсын радио, телевизийн корпораци (IRIB) болон AFP агентлаг мэдээлжээ.

Гашуудлын ёслол:

7-р сарын 4, 5, 6-нд Тегеран хотод,
7-р сарын 7-нд Кум хотод,
7-р сарын 9-нд Ираны зүүн хойд хэсэгт орших, Али Хаменейн төрсөн нутаг болох Мешхед хотод оршуулах ёслол болохоор төлөвлөгдсөн байна.

Анх оршуулгыг гуравдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч АНУ, Израиль хоёрын Ираны эсрэг хийсэн дайны улмаас хойшлуулжээ.

Пакистаны Ерөнхий сайд: АНУ, Иран хоёр энхийн хэлэлцээрт ойртсон

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф зургадугаар сарын 13-нд мэдэгдэхдээ Ойрхи Дорнод дахь дайныг зогсооход чиглэсэн хэлэлцээр урьд өмнөхөөсөө илүү ойртсон бөгөөд ойрын 24 цагийн дотор эцэслэн тохиролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

AP агентлагийн мэдээлснээр, Пакистан улс уг баримт бичигт цахимаар гарын үсэг зурахад бэлтгэж буй бөгөөд үүний дараа ирэх долоо хоногт техникийн түвшний хэлэлцээ үргэлжлэх аж.

Шариф X сүлжээнд “Хэлэлцээний туршид тууштай оролцсон АНУ болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсад талархал илэрхийлье. Мөн бүс нутгийн ахан дүүсийнхээ дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” хэмээн бичжээ.

Үүний зэрэгцээ Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи зургадугаар сарын 14-нд АНУ-тай энхийн гэрээ байгуулагдахгүй гэж мэдэгдсэн ч баримт бичигт “ойрын өдрүүдэд” гарын үсэг зурагдаж магадгүй гэжээ.

Али Хаменейгийн үхэл ба Ираны шинэ шашны удирдагч

Аятолла Али Хаменейг АНУ болон Израилийн Ираны эсрэг дайны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд амиа алдсан гэж мэдээлсэн. Түүнтэй хамт охин, ач хүү, бэр болон хүргэн нь мөн амь үрэгджээ.

Ираны Удирдах зөвлөл (Шинжээчдийн зөвлөл) гуравдугаар сарын 9-нд Можтаба Хаменейг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын шинэ дээд удирдагчаар зарласан билээ.

Дөрөвдүгээр сарын 8-нд аятоллаг нас барснаас хойш 40 хоног болсон нь шиит исламын уламжлалт гашуудлын хугацаа дууссаныг илэрхийлдэг аж.

Кум хот нь шиит лалын шашинтнуудын ариун хот бөгөөд Ираны шашны төвд тооцогддог бөгөөд Тегеранаас өмнө зүгт 140 км зайд оршдог.

Эх сурвалж: DW