Киевийн Батлан хамгаалах яамны эх сурвалж зургадугаар сарын 12-ны баасан гарагт "Удахгүй Украины эрх баригчид холбоотон орнуудаасаа дахин 20 тэрбум ам.долларын цэргийн тусламж хүсэхээр төлөвлөж байна" гэж мэдээлснийг Reuters агентлаг эш татан уламжилжээ.

Мөн өмнөх орой нь Politico хэвлэл Украины Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтныг эш татан энэ талаар мэдээлсэн байна.

Төлөвлөж буйгаар, уг хүсэлтийг зургадугаар сарын 18-нд болох Украиныг дэмжих холбоотнуудын Батлан хамгаалах зөвлөлдөх бүлгийн хурал (Рамштайн форматын уулзалт)-ын үеэр тавих аж.

Politico-гийн мэдээлснээр, энэ асуудлыг Украины тал Норвеги, Швед, Герман, Канад зэрэг улсын төлөөлөгчидтэй хэдийнэ хэлэлцсэн байна.

Тус хэвлэл мөн "Украин тус бүрээс нь 2-6 тэрбум ам.долларыг шууд тусламж, эсвэл зээлийн хэлбэрээр гаргах санал тавих бөгөөд нийт дүнг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилготой" гэж мэдээлжээ.

Reuters-ийн эх сурвалж ч мөн зарим холбоотнуудад 2-6 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулах санал тавихаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна.

Украин фронтын давуу байдлаа бэхжүүлэхийг зорьж байна

Киев эдгээр нэмэлт хөрөнгийг Оросын эсрэг хамгаалалтын дайны талбарт байгаа одоогийн давуу байдлаа бэхжүүлэхэд ашиглах аж.

Politico-гийн мэдээлснээр энэ нь агаарын довтолгооноос хамгаалах системийг сайжруулах, нисэгчгүй онгоц (дрон) худалдан авах, сум, байлдааны хэрэгсэл нөөцлөх, радиоэлектроникийн тэмцлийн хэрэгсэл холын тусгалтай өндөр нарийвчлалтай зэвсэг зэрэгт зарцуулагдах юм байна.

Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж Politico-д “Орос шатаж байгааг бүгд харж байна, бид үүнийг улам хүчтэй болгохыг хүсэж байна. Гэхдээ үүнд санхүүжилт хэрэгтэй” гэж хэлжээ. 

Мөн тэрбээр аль болох хурдан нэмэлт санхүүжилт олгох шаардлагатайг онцолж, одоогийн боломжийн цонх удахгүй хаагдаж болзошгүйг анхааруулжээ. Тэр хэрэв Орос дахин хүчний тэнцвэрийг өөрт ашигтайгаар өөрчилвөл энэ боломж алдагдаж болзошгүйг хэлсэн байна.

Тэрбээр Politico-д өгсөн ярилцлагадаа “Орос хурдан ажиллаж, шинэчлэл хийж байна. Хэрэв бид тэдэнд дахин дасан зохицох хугацаа өгвөл энэ дайныг бодит хэлэлцээгээр дуусгах цорын ганц боломжоо алдаж магадгүй. Мөн Орос дунд тусгалын өөрийн дронуудыг бүтээвэл энэ нь бидний хувьд гамшиг болно” гэж онцолжээ.

Украины дрон хүчний зорилго

Үүнээс өмнө Украины нисэгчгүй системийн хүчний командлагч Роберт Бровди (нэрийн дуудлага “Мадяр”) Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийн ангийн стратегийн зорилгыг тайлбарласан байна.

Түүний хэлснээр, Украины зорилго бол дронуудын цохилтыг улам эрчимжүүлж, Оросын ар талын хангалтын шугамыг тасалдуулах замаар тэднийг ухрахад хүргэх явдал аж.

Тэр “Бид Оросын цэрэг болон батлан хамгаалах үйлдвэрийн ажилтнуудад Крымд, түр эзэлсэн нутагт болон тэнд хүрэх замууд дээр байх нь туйлын хүндрэлтэй нөхцөл бүрдүүлнэ” гэж хэлжээ.

Мөн Украины тал Оросын цэргийн ба нефтийн байгууламжууд, зэвсэг үйлдвэрлэлийн үйлдвэрүүдэд системтэй цохилт өгч, Москвагийн дайныг үргэлжлүүлэх чадвар болон хүсэл эрмэлзлийг сулруулахыг зорьж байгаа аж.

Тэр “Бид дайны өвдөлт Украины хот бүрт мэдрэгддэг шиг тэдний ухамсарт ч бас мэдрүүлэх орон зайг нээж байна” гэж онцолсон байна.

Эх сурвалж: DW