Германы эрх баригчид зургадугаар сарын 12-ны баасан гарагт Орос-Украины дайныг дуусгах яриа хэлэлцээ дахин эхлэх боломжтой гэсэн найдвартай байгаагаа илэрхийлжээ.

Германы Засгийн газрын өндөр албан тушаалын төлөөлөгч “Дипломат ажиллагаанд зориулсан боломжийн цонх аажмаар нээгдэж магадгүй байна” хэмээн AFP агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ тэрбээр энэхүү үнэлгээгээ болгоомжтой хийж байгаагаа онцолж, нөхцөл байдал олон хүчин зүйлээс шалтгаалахыг дурджээ.

Түүний хэлснээр, сүүлийн хэдэн долоо хоногт дайны нөхцөл байдал өөрчлөгдөж, Украин өнөөдөр илүү давуу байр сууринд очсон байна. Үүнд Герман болон Европын орнуудын үзүүлж буй дэмжлэг чухал нөлөө үзүүлжээ.

Тэрбээр Орос улс цэргийн аргаар ялалт байгуулах боломжгүй болсон бөгөөд эдийн засаг нь доройтож байгааг онцолсон байна. Ийм нөхцөл байдал нь шинэ яриа хэлэлцээ өрнөх боломжийг бүрдүүлж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Энэ асуудлыг зургадугаар сарын 7-нд болсон Германы Канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтын үеэр хэлэлцжээ.

Европын гурван улсын удирдагч болон Зеленский нар Украинд шударга бөгөөд тогтвортой энх тайван тогтоох нөхцөлүүдийг тодорхойлсон байна.

Тэдгээрийн нэг нь гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр болсны дараа Украин улс хууль эрх зүйн баталгаатай аюулгүй байдлын баталгаа авах ёстой гэсэн шаардлага аж. Үүнд Украинд олон улсын хамтарсан энхийг сахиулах хүчнийг байрлуулах асуудал ч багтсан байна.

Мерц: Энх тайванд хүрэхийн тулд Европ, АНУ-ын оролцоо зайлшгүй хэрэгтэй

Германы Канцлер Фридрих Мерц зургадугаар сарын 11-нд Бундестагт үг хэлэхдээ "Тав дахь жилдээ үргэлжилж буй Оросын Украины эсрэг дайныг зогсоож, энх тайванд хүрэхийн тулд Европ болон АНУ хамтран оролцох шаардлагатай" гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө Германы Засгийн газрын хүрээний эх сурвалжууд Европын орнууд, Украин болон Оросын хоорондын боломжит хэлэлцээний “цонх аажмаар нээгдэж байна” гэж мэдээлж байсан аж.

Зеленский Путинтэй биечлэн уулзах санал тавьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд биечлэн уулзаж, шууд хэлэлцээ хийх санал тавьсан. Тэрбээр мөн Оросын арми сар бүр фронтын шугам дээр 30 мянгаас дээш тооны хүн амиа алдсан болон хүнд шархадсан хохирол амсаж байгаа гэж мэдэгджээ.

Харин Кремлийн тэргүүн Владимир Путин хоёр талын шууд хэлэлцээ болон гал зогсоох саналыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Зеленскийн захидлыг “бүдүүлэг өнгө аястай бичиг цаас” хэмээн тодорхойлсон.

Зеленский “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Францын Эвиан-ле-Бен хотод болох “Их долоо” (G7)-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны мэдээлснээр, уулзалтын үеэр G7-ийн орнуудын дунд Украиныг дэмжих асуудлаарх нэгдмэл байр суурийг сэргээх, мөн дайныг зогсоох хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: DW