Хойд Атлантын далайд, Гренланд болон Исландын өмнөд хэсэгт орших өргөн уудам усан бүсэд маш сонин үзэгдэл ажиглагджээ. Дэлхийн ихэнх далай тэнгисийн ус уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарч байхад энэ бүс нутаг эсрэгээрээ улам хүйтэрсээр байгаа аж.

Энэхүү нууцлаг үзэгдлийг тайлбарласан шинэ судалгаа нийтлэгдсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар, энэ нь дэлхий нийт уур амьсгалын хамгийн аюултай эргэлтийн цэгүүдийн нэг рүү ойртож буйг илтгэх түгшүүртэй дохио байж болзошгүй аж.

Эрдэмтэд уг бүсийг “Cold Blob” буюу “Хүйтэн толбо”, мөн “Warming Hole” буюу “Дулаарлын цоорхой” хэмээн нэрлэдэг. Судалгаагаар энэхүү бүсийн усны температур 1900 оноос хойш бараг 1 хэм Цельсээр буурсан байна.

Удаан хугацааны турш эрдэмтдийн дунд энэ үзэгдлийн шалтгааны талаар маргаан өрнөж иржээ. Зарим нь салхи болон үүлшилтийн өөрчлөлтөөс шалтгаалан далайн гадаргуугаас дулаан алдагдаж буйтай холбоотой гэж үздэг байсан бол нөгөө хэсэг нь Атлантын далайн дулааныг зөөвөрлөдөг чухал урсгалын систем суларч буйн шинж тэмдэг гэж тайлбарлаж байсан аж.

Харин хамгийн сүүлийн судалгаа хоёр дахь тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд энэ нь ирээдүйн талаар ноцтой анхааруулга болж байна.

Дэлхийн дулааныг тээвэрлэдэг аварга систем

Энд яригдаж буй системийг Atlantic Meridional Overturning Circulation (AMOC) буюу Атлантын меридиан эргэлтийн урсгал гэж нэрлэдэг.

AMOC нь аварга том далайн туузан дамжуулагч шиг ажилладаг. Тэрээр халуун орны бүсээс дулаан усыг хойд хагас бөмбөрцөг рүү зөөвөрлөж, тэнд ус хөрөн живсний дараа өмнө зүг рүү буцан урсдаг. Энэ механизм нь Европ болон Хойд Америкийн уур амьсгалд асар чухал нөлөө үзүүлдэг.

Гэвч хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал мөс хайлуулахын хэрээр их хэмжээний цэнгэг ус далайд нийлж, далайн давсжилт болон температурын тэнцвэрийг алдагдуулан AMOC-ийн үйл ажиллагааг сулруулж байгаа талаар олон судалгаа анхааруулж байна.

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү систем энэ зууны дотор эргэлтийн цэгт хүрч болзошгүй бөгөөд хэрэв тийм зүйл тохиолдвол түүний бүрэн нуран унах үйл явц эхлэх эрсдэлтэй хэ.

Хэрэв AMOC зогсвол юу болох вэ?

AMOC-ийн үйл ажиллагаа бүрэн зогсох нь дэлхий дахинд сүйрлийн хэмжээнд нөлөөлж болзошгүй юм байна. Үүний үр дүнд:

-АНУ-ын зүүн эрэгт далайн түвшин хурдацтай нэмэгдэнэ.
-Европ тив маш хүйтэн өвөлтэй болж, эрс тэс уур амьсгалд шилжинэ.
-Африкийн муссоны систем өөрчлөгдөж, урт хугацааны ган гачиг үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
-Хүнс, усны аюулгүй байдал болон дэлхийн цаг уурын тогтолцоонд томоохон өөрчлөлт гарна.

“Хүйтэн толбо” AMOC-ийн мөр үү?

Зарим судлаачдын үзэж байгаагаар, энэхүү “хүйтэн толбо” нь AMOC суларч байгаагийн хамгийн тод ул мөр байж магадгүй юм. Учир нь, энэ бүс нутаг нь AMOC-оор дамжин ирдэг дулааны ихэнх хэсгийг хүлээн авдаг газар ажээ.

Үүнийг илүү нарийвчлан судлахын тулд эрдэмтэд далайн дулааны хэмжилтийн бодит өгөгдөл, хиймэл дагуулын мэдээлэл болон уур амьсгалын компьютер загваруудыг нэгтгэн шинжилжээ.

Судалгааны үр дүнд хөрөлт зөвхөн далайн гадарга дээр бус, далайн гүн хэсэгт ч ажиглагдсан байна. Харин далайн гүнд салхи, үүлшилт зэрэг агаар мандлын хүчин зүйлсийн нөлөө харьцангуй бага байдаг.

Судалгааны зохиогч, Германы Потсдамын их сургуулийн физикч, далай судлаач профессор Штефан Рамсторф "Тиймээс бүх нотолгоо AMOC-ийн нөлөө рүү зааж байна" гэж тайлбарлажээ.

Тэр “Далайн дулаан тээвэрлэлтийн систем өөрчлөгдөж байгаа нь ‘хүйтэн толбо’-ны хөрөлтийг үүсгэж байна” гэсэн байна.

Мөн “хүйтэн толбо”-ноос үл хамааран AMOC суларч байгааг нотлох өөр олон баримт бий бөгөөд зарим судалгаагаар энэ систем сүүлийн 1000 жилийн хугацаанд байгаагүйгээрээ сул дорой түвшинд хүрсэн байж болзошгүй гэжээ.

Эрдэмтэд болгоомжтой хандахыг зөвлөж байна

Нидерландын Утрехтийн их сургуулийн далай, агаар мандлын судлаач Рене ван Вестен энэхүү судалгаанд оролцоогүй ч өмнөх судалгаанууд зөвхөн агаар мандлын нөхцлөөр “хүйтэн толбо” үүсэх боломжтойг харуулж байсныг онцолжээ.

Гэсэн хэдий ч шинэ судалгаанд олон төрлийн өгөгдөл ашиглаж, ижил төстэй үр дүн гарсан нь дүгнэлтийн найдвартай байдлыг нэмэгдүүлж байна гэж тэр үзсэн байна.

Мөн Лондоны Их Сургуулийн Коллежийн далай, уур амьсгал судлалын профессор Дэвид Торналли уг судалгаа нь “хүйтэн толбо” болон AMOC-ийн сулралын хоорондын холбоог улам бататгаж байгаа ч бодит ажиглалтын өгөгдөл хомс хэвээр байгааг анхааруулжээ.

Тэр “Одоогийн мэдээллүүд нь бодит байдлын төгс тусгал гэхээсээ илүү сайн ойролцоо үнэлгээ гэж үзэх нь зүйтэй” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн энэ асуудал дээр тодорхойгүй зүйлс байсаар байгаа бөгөөд уг судалгаа эцсийн хариулт биш гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Их Британийн Цаг уурын албаны ахлах судлаач Жонатан Бэйкер ч мөн адил байр суурьтай байна. Түүний хэлснээр, энэхүү судалгаа нь AMOC “хүйтэн толбо”-д нөлөөлж байгааг нотлох баримтыг нэмэгдүүлж байгаа боловч асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхэд эрт аж.

Эх сурвалж: CNN